
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос энэ сард нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлосон.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах, ингэхдээ
– Зээлийн хүүг бууруулах
– Засаглалыг сайжруулах
– Менежментийн төлбөрийн талаар гэсэн чиглэлд Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээ албан ёсоор эхэлж, эхний уулзалт тодорхой хэмжээнд амжилттай болж, түр завсарлаад байгаа бөгөөд энэ сарын 20-ны үед дахин уулзахаар болсон.
Улсын Их Хурлын зүгээс Оюу толгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний хүрээнд долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж, хэлэлцээгээ эхлүүлэх шаардлагыг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тавьж, Хянан шалгах түр хороог байгуулан, Нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэнгийн өгсөн мэдээллээр,
“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэнд тооцож, талууд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэхээр тохирчээ. Хэрэв дурдсан хугацааны дотор талууд зөвшилцөлд хүрэхгүй бол хэлэлцээ хийх хугацааг сунгах аж.
Олон улсын зах зээлийн стандартын дагуу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг тогтоох бөгөөд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотойгоор талуудын харилцан зөвшилцсөн бусад нөхцөлийг хэлэлцэн, шийдлийг авч үзэхээр тохирсон байна.
Түүнчлэн менежментийн үйлчилгээний төлбөрийг талууд олон улсын жишигт нийцсэн, талуудын хувьд шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллахаар; хэлэлцээний явцад эрх бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэхээр; протоколд туссан асуудлаар хэлэлцээ хийж шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар протоколд тусгагджээ.
Монголын тал Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу хэлэлцээрт орж, нэн тэргүүнд “Оюу толгой” төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр нөгөө талтай тохирсон байна. Мөн Оюу толгой төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж талууд 11 дүгээр сард багтан хоёр талаас тавьж буй нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан үзэж шийдвэрлэхээр тохирчээ.
“Оюу толгой” төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын тавьсан саналыг “Рио Тинто” групп эхний удаа хүлээж аваагүй бөгөөд дахин энэ чиглэлээр судлах яриа хэлцлийг хийсэн байна. Улмаар “Рио Тинто” группийн зүгээс дээрх хүрээнд дахин хэлэлцээрт орох мэдэгдлээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад ирүүлсэн байна.
Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ, “Оюу толгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ зэрэгцээ түвшинд үргэлжилж байгаа.
Монголын талаас “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд “Онтрэ” ХХК-ийн удирдлагад хэлэлцээ хийх урилгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хүргүүлжээ.






