
2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, чанар, хүртээмжийн асуудал
Эрүүл мэндийн сайд Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд ЭМД-ын сангийн тогтолцоо, санхүүжилт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн салбар санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсон. Иргэд даатгал төлдөг ч үйлчилгээ авч чаддаггүй, хувиасаа төлбөр хийдэг болсон. Улсын төсвөөс өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ч үр өгөөж бага байна.
Эмнэлгээс гадуур нас баралт өндөр байгаа нь тогтолцооны сул талыг харуулж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа нь улсын дундаж 2.7 сая төгрөгөөс доогуур байна. Боловсролын салбар ч мөн адил дунджаас бага. Зарим сайд нар салбарынхаа дундаж цалингийн тооцоог ч мэдэхгүй байдалд хүрчээ.
Санал:
УИХ-ын гишүүд иргэдийнхээ дундаж цалинтай ижил хэмжээний цалин авдаг байх ёстой. Ингэснээр бодит амьдралыг мэдэрч, бодлогоо илүү үр дүнтэй тодорхойлох боломжтой.
2. Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт
УИХ-ын гишүүн Алдаржавхлан нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн дагуу улс төрийн намын орлогын 50-иас илүү хувь нь төрөөс олгох санхүүжилт байж болохгүй гэсэн заалттай. Харин Ардын намын зүгээс энэ хязгаарыг өөрчлөх санал гаргасан нь намын орлого, хөрөнгө нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна.
Энэ нь хууль зүйн зарчимд нийцэхгүй, улс төрийн намуудыг бизнесийн байгууллагын шинжтэй болгож болзошгүй гэж АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийллээ.
3. Хуулийн ажлын хэсэг байгуулах
АН-ын бүлгээс дараах хуулиудын хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.
-
Сонгуулийн тухай хууль
-
Төрийн албаны тухай хууль
-
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль
Эдгээр хуулийн өөрчлөлтүүд нь сонгуулийг илүү шударга, иргэдийн оролцоотой болгоход чиглэнэ.
4. Цалин, татвар, эдийн засгийн бодлого
Засгийн газраас багш, эмч нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан. Гэвч эдийн засгийн эх үүсвэр тодорхойгүй байна.
Эх үүсвэргүй, бүтээмжгүйгээр цалин нэмэх нь татвар, үнийн өсөлт, инфляц дагуулдаг. Тиймээс цалин нэмэх бодлого бүтцийн өөрчлөлт, үйлдвэрлэл, бүтээмжтэй уялдах ёстой.
АН-ын зүгээс татвар бууруулах, иргэдийн орлого нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хангах бодлогыг баримтална. “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” болон татвар бууруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болж байна.
5. Улс төрийн нөхцөл байдал ба УИХ-ын хариуцлага
УИХ төсвөө хугацаанд нь батлах үүрэгтэй. Харин орон нутгийн хурлуудад байдаг “төсвөө батлахгүй бол тарна” гэсэн хариуцлагын зохицуулалт УИХ-д байхгүй. Энэ асуудлыг АН-ын бүлэг анхаарч байна.
МАН олонх атлаа хариуцлагаас зайлсхийж, асуудлыг цөөнх рүү чихэж байгаа нь улс төрийн чадамжгүй байдлыг харуулж байна.
6. Цалин нэмэгдэл, эдийн засгийн эргэлт
Бүтээмжгүй цалин нэмэгдэл нь төгрөгийн худалдан авах чадварыг сулруулж, үнийн өсөлт үүсгэдэг. Улс орны бодлого хаалттай, хариуцлагагүй яваа нь өнөөгийн хүндрэлд хүргэсэн.
7. АН-ын бүлгийн дотоод асуудал
Бүлгийн даргын асуудал нээлттэй байгаа бөгөөд дотоод сонгууль хийж, шинэ дарга сонгохоор төлөвлөж байна. Зарим гишүүд улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хойшоо байх санал гаргасан.
Булгантуяа даргатай холбоотой асуудлыг өнгөрсөн бүлгийн хурал дээр хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.







Үнэхээр тэгж бгаа бол тэтгэврийн доод хэмжээтэй цалин аваад улс төриын суудалдаа сууж ажамой