
Нидерландад өнгөрсөн лхагва гарагт болсон парламентын сонгуулиар улс төрийн төвийн либерал үзэл баримтлалтай D66 нам хэт барууны үзлийг дэмжигч “Эрх чөлөөний нам”-ын ардаа орхиж ялалт байгуулжээ.
Сонгуулийн албан ёсны дүн ирэх даваа гарагт гарах ч D66 намын тэргүүн 38 настай Роб Йеттен Нидерланд улсын түүхэн дэх хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай аж.
Нидерландын хэт барууны “Эрх чөлөөний нам”-ын хувьд энэ удаагийн сонгуулиар томоохон ялагдал хүлээж байна. Тус нам энэ удаагийн сонгуулиар өмнөх сонгуультай харьцуулахад 10-аар цөөн суудал авсан бол D66 нам суудлынхаа тоог 3 дахин нэмэгдүүлж чаджээ.
Сонгуулийн кампанит ажлын явцад нидерландчууд цагаачлалын болон орон сууцны хүртээмжийн асуудалд ихээр зовниж, анхаарал хандуулж буй нь тодорхой болсон юм.
D66 намын тэргүүн Роб Йеттен сонгуулийн кампанит ажлынхаа үеэр шинээр 10 хот байгуулахыг хүсэж буйгаа илэрхийлж, төсвийн зардлыг бууруулснаар жилд 100 мянган сууц барих боломжтойг онцолжээ. Тэрээр хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авахын зэрэгцээ хууль ёсны цагаачдад тусламж дэмжлэг үзүүлэхээ амлаж, “Бүх юм боломжтой!” гэсэн эерэг уриатайгаар сонгуульд оролцсон юм.
Роб Йеттен Аргентины талбайн хоккейн шигшээ багийн тамирчин, Нидерландын Кляйн Цвитсерланд клубын довтлогч, 28 настай Нико Кинантай сүй тавьснаа 2024 оны 11-р сард нийгмийн сүлжээгээрээ дамжуулан зарлаж байсан юм.
Эх сурвалж: People






