
Дугуй ширээний ард ярьсан яриа дэлхийн тавцанд гарна гэж хэн мэдэх билээ.
Тийм ээ. Тэд чаджээ.
Physical: Asia шоу нэвтрүүлэгт Монголчууд оролцоно гэх яриа цахим орчинд шуугиж эхэлснээс хойш тус тэмцээнийг сонирхож үзэх болсон хүн их байгаа ч чухам яг ямар шоу нэвтрүүлэг болоод дэлхий даяараа шуугиад байгааг юун түрүүнд тайлбарлая.
“Physical: Asia” бол Netflix-ийн бүтээсэн, хүний биеийн хүч чадал, тэсвэр хатуужил, эв нэгдлийг сорьдог олон улсын бодит өрсөлдөөнт шоу юм.
Анх 2023 онд Өмнөд Солонгост гарсан “Physical: 100” шоуны үргэлжлэл болох энэ цувралд Азийн олон орны шилдэг тамирчид улс орноо төлөөлөн оролцож байна.
Энэ удаагийн шоуны онцлог нь ганцаар бус, багийн хүчээр ялалт байгуулахын зэрэгцээ өөрийн үндэсний онцлог, спортын соёлыг харуулахад оршиж буй. Оролцогчид зөвхөн биеийн хүчээр төдийгүй сэтгэл зүй, стратеги, багаар ажиллах чадвараар өрсөлдөж, “хамгийн хүчирхэг улс”-ыг тодруулах юм.
Тус шоунд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг найман баг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа.

Монгол Улсын багт Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтсан билээ.


Тэгвэл сэлгээний тамирчдаар МУГТ, Улсын заан, чөлөөт бөхийн Ази тивийн аварга М.Лхагвагэрэл, Монголын циркийн бүх цаг үеийн уран нугаралтын бүх цаг үеийн номер нэг О.Цэцэглэн нар байжээ.


Тэгвэл олон нийтийг байлдан дагуулаад буй Дайчидыг хэн моринд нь мордуулав?
Тэд бол Spark agency /маркетингийн агентлаг/


Ийнхүү тус шоунд хэрхэн оролцох болсон талаар “Spark agency”-ийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу.
-Сайн сайн байна уу.
Та өөрийгөө танилцуулна уу.
–Намайг Энхцогтын Дөлгөөн гэдэг. “Spark agency”-ийн Гүйцэтгэх захирал, Сагсан бөмбөгийн дээд лигт 16 жил тоглосон, бизнес эрхлэгч хүн байна аа.


“Physical: Asia” шоунд Монголын баг оролцож буй талаар сонирхуулна уу. Энэ төсөл хэрхэн эхэлсэн бэ?
-“Physical: 100” шоуны эхний улирлуудыг үзээд, “Солонгос 50, Монгол 50 оролцогчоор зохион байгуулбал гоё байхгүй юу?” гэж ярилцсан нь анхны санаа болсон. Үүнээс хойш бид “Spark agency”-ийн төслийн багийн ахлагч Боргил, Хулан, Мөнгөнтуяа, Бадмаараг нарын хамт төслөө бичээд, Netflix рүү албан ёсоор илгээсэн.
Хариу ирэхгүй удсан ч бид бууж өгөөгүй. Гурван сарын дараа Netflix-ийн талын найруулагч бидэнтэй холбогдож, хамтран ажиллах санал тавьсан. Тэр үед “Physical: 100”-ийн хоёрдугаар улирал зураг авалтдаа орсон байсан бөгөөд гуравдугаар улирлыг “Physical: Asia” нэртэйгээр хийхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн. Энэ мэдээ бол бидний хувьд маш том урам зориг, мөрөөдлийн эхлэл байсан.


Монголын багийн бүрэлдэхүүн хэрхэн сонгогдсон бэ?
–Эхний шатанд 200 гаруй нэрс ирсэн. Тэндээс шат дараалан ярилцлага, шалгаруулалт хийгдэж, эцэст нь 50 нэр үлдсэн.
Сүүлийн шалгаруулалтыг манай агентлаг хийгээгүй. Бүр цаанаасаа нарийн шалгууртай. Багадаа хүүхэд дээрэлхэж байсан уу, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан уу гээд маш олон шаардлагыг тавьж шалгаруулсан.
Гэхдээ энэ шоу өндөр нууцлалтай байсан учраас оролцогчдын нэрийг урьдчилан зарлах боломж байгаагүй.
Одоогоор “Physical: Asia” нэвтрүүлгээр гарч байгаа үндсэн бүрэлдэхүүнд зургаан тамирчин багтсан. Хэрвээ зураг авалтын үеэр хэн нэгэн бэртэх, гэмтэх нөхцөл гарвал манай ард нөөц бүрэлдэхүүнд уран нугаралтын шилдэг тамирчин Цэцэглэн, МУГТ улсын заан Лхагвагэрэл нар бэлэн байсан. Аз болж манай багийн гишүүд бүгдээрээ эрүүл, бүрэн бүрэлдэхүүнээрээ тэмцээнээ дуусгасан.


Монголын оролцогчид бэлтгэлээ хамт хийж чадаагүй гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
–Тийм ээ, энэ бол онцлог зүйл байсан. Монголоос хэн хэн оролцох гэж байгааг оролцогчид хүртэл мэдээгүй. Өмнө нь уулзаж, хамт бэлтгэл хийх ямар ч боломж байгаагүй.
Хүн бүр өөрийн хэмжээнд, хувийн бэлтгэлээ базааж байгаад л Солонгост очоод анх уулзсан. Тэгэхээр энэ багийн эв нэгдэл, итгэлцэл, хариуцлага бүрэн бодит нөхцөлд бий болсон гэсэн үг.
Дайчид мориндоо гэдэг шүү дээ. Багийн нэрний талаар тодруулбал. Яаж нэрээ сонгосон бэ?
–Энэ нэрийг бид өөрсдөө бус, оролцогчдын дунд санал асуулгаар сонгосон. Бид тэднээс “Монголын багт ямар нэр хамгийн тохирох вэ?” гэж асуухад нийт оролцогчдын 95 хувь нь “Дайчид” гэж хариулсан.
Монгол хүний дайчин, зоригтой, тэсвэртэй чанарыг хамгийн сайн илтгэнэ гэж үзсэн учраас бид ч тэр нэрийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн.
Төсөл хэрэгжих явцад ямар сорилтууд тулгарсан бэ?
–Хамгийн том сорилт нь нууцлал байсан. Netflix-ийн шаардлагаар бид бараг жил хагасын турш аливаа мэдээллийг гадагш задруулахгүй байх ёстой байсан. Зарим үед мэдээлэл алдагдах, зураг, бичлэг задарч эхлэхэд бид албан бичиг хүргүүлж устгуулж ч байсан. Энэ бол маш том хариуцлага.


Зарим хүн “Монголчуудыг дэмжих гэж Netflix-д яагаад мөнгө төлөх ёстой юм бэ?” гэж асуух нь бий. Танд үүнд хариу бий юу?
-Энэ бол үнэндээ ойлголт дутсаны шинж гэж боддог. Ийм хэмжээний шоу бүтээхийн тулд ямар их хөрөнгө, хүч хөдөлмөр ордог билээ.
Үзэгчид албан ёсны сувгаар үзэх нь зөвхөн Netflix-д хандалт өгөх биш, Монголчуудыг дэлхийд хэрхэн үнэлж байгааг харуулах нэг үзүүлэлт юм.
Энэ шоуны амжилт цаашдаа Монголд кино, контентын олон улсын төслүүд хэрэгжих суурь болно.
Тиймээс үзэгчид маань үүнийг зөв талаас нь харж, монгол багийнхаа хөдөлмөрийг үнэлээсэй гэж хүсэж байна.
“Physical: Asia” шоу Монголын залууст ямар урам зориг өгнө гэж та бодож байна вэ?
–Энэ шоу бол зөвхөн биеийн хүчний өрсөлдөөн биш. Хүүхэд, залуус, гэр бүлээрээ үзээд “би ч бас чадна”, “өөрийгөө хөгжүүлье” гэж урам авахуйц контент. Спортын үнэ цэнэ, эрүүл амьдралын хэв маяг, зорилго тэмүүлэл гээд олон зүйлийг нэг дор агуулсан нэвтрүүлэг.
Монголчууд бид дэлхийн тамирчдаас огт дутахгүй гэдгээ энэ шоугаар харуулж чадсан гэж би итгэлтэй хэлнэ.
“Physical: Asia” бол Монголын нэрийг дэлхийн тавцанд хүчтэй гаргаж чадсан төслүүдийн нэг. Хамгийн гол нь энэ шоу бидэнд “Монгол хүн хичээвэл дэлхийн хаана ч өрсөлдөж чадна” гэдгийг дахин баталж өглөө.
Тиймээс уншигчид та бүхэн минь хулгайн сайтаас шоу нэвтрүүлгээ үзэлгрүй албан ёсны эрх, дуу дүрсний өндөр чанартайгаар Netflix-ээс үзнэ үү.






