
Хятадын цахим худалдааны платформуудын жил бүрийн 11-р сарын 11-нд зарладаг Single’s Day хямдрал энэ жил эрт зарлагджээ. Alibaba цахим дэлгүүрийн анх санаачилсан Ганц бие хүмүүсийн өдрийн хямдрал нь Amazon-ы Prime Day, Америкийн Black Friday хямдралтай төстэй бөгөөд Хятадын цахим дэлгүүрүүд, худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүнүүддээ их хэмжээний хямдрал зарладаг билээ.
Энэ жил дэлгүүрүүд Хятадын Golden Week амралтын өдрүүдийн араас шууд залгуулан хямдрал урамшууллаа зарлаж эхэлсэн ба Taobao, Tmall, AliExpress платформуудыг эзэмшдэг Alibaba компани энэ сарын 15-наас “11.11 Global Shopping Festival” эхлүүлж байгаагаа зарлажээ. Залуусын ажилгүйдэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, АНУ-тай хийж буй худалдааны дайн зэргээс болж БНХАУ-ын иргэдийн худалдан авалт буурч, зах зээл нь уналтад ороод байгаа юм.
Эдгээр асуудлуудтай тэмцэх үүднээс Хятадын засгийн газар иргэдэд үзүүлэх урамшуулал тэтгэмж зэрэгт олон тэрбум юань зарцуулаад байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна. Хятадын компаниуд жилийн эцсийн хямдралаа эрт зарласан нь хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн оролдлого аж.
Коронавирусийн цар тахлаас хойш Хятадын хэрэглэгчдийн худалдан авалт буурсан нь үнэтэй, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн зардаг брэндүүдэд хамгийн хүндээр туссан юм. Louis Vuitton, Burberry брэндүүдийн Хятад дахь борлуулалт сүүлийн саруудад буурсан ч хөрөнгө оруулагчид LVMH, Moncler компаниудын хувьцааны үнэ энэ долоо хоногт нэмэгдсэн нь нөхцөл байдал ойрын хугацаанд сайжирна гэсэн тэмдэг гэж үзжээ.






