
Японы мэргэжлийн сүмо бөхийн тамирчид хилийн чанадад 20 жилийн дараа анх удаа зохиогдож буй сүмо бөхийн тэмцээнд оролцохоор Лондон хотыг зорьжээ. Английн нийслэл Лондон хотод байрлах алдарт Royal Albert Hall концертын танхимд 34 жилийн дараа анх удаа зохиогдож буй сүмо бөхийн тэмцээнд оролцохоор Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилддаг 40 бөх, Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү болон өөр бусад албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн тэмцээнээс өмнө тэмцээн аюулгүй бөгөөд амжилттай болж өнгөрөхийг бэлгэдэн сүмо бөхийн шүүгчид концертын танхимд барьсан сүмо бөхийн дэвжээ дохёг сакегаар аравнайлжээ. Уг дохёг Английн Кеттеринг хотоос тусгайлан авчирсан шавраар, 4 өдрийн турш барьж босгосон аж. NHK сувагт өгсөн ярилцлагадаа Ёкозүна Хошорю Royal Albert Hall танхимд дохё баригдсан байхыг харах гайхалтай байна хэмээн дурджээ.
Тэрээр тус дэвжээн дээр гарч барилдахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэн, үзэгчдэд барилдаан таалагдана гэдэгт итгэлтэй байна гэжээ. 5 өдөр үргэлжлэх уг тэмцээнийг зохион байгуулагчид нийт 27 мянга орчим тасалбар борлуулсан нь хэдийн зарагдаад дууссан байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэх тамирчдын тоо буурч байгаатай холбоотойгоор гадны тамирчдыг сүмо бөхийн спортод татах үүднээс Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо ийнхүү хилийн чанадад сүмо бөхийн тэмцээн зохион байгуулж байгаа аж.








