
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй.
Тус айлчлаллын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэл мэдээллийнхэнд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Энэтхэг улстай бидний харилцаа 70 жилээр хязгаарлагдахгүй, бараг 2500 жилийн өмнөөс эхтэй, түүхэн уламжлалтай. Бид Энэтхэгийг оюун санааны хөрш гэж нэрлэдэг. Дэлхий дээр бид зөвхөн Энэтхэгтэй л ийм нарийн тодорхойлолттой, тусгай харилцаатай орон гэдгээрээ онцлог. Энэ нь түүх, соёл, шашин, хүмүүнлэг зэрэг олон чиглэлд сэтгэлийн гүн холбоотой ард түмнүүд гэсэн утгатай.
Ийм учраас хоёр улс харилцаандаа маш өндөр ач холбогдол өгдөг. Арван жилийн өмнө стратегийн түншлэлд хүрснээр, одоо хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Эдгээрээс хамгийн том нь газрын тосны үйлдвэрийн төсөл бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн хараат байдлыг бууруулах, эрчим хүчний бие даасан байдлыг хангахад чухал түлхэц болж байна. Энэхүү 1.7 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийг Энэтхэгийн тал дэлхийн бусад оронтой хэрэгжүүлж буй төслүүдээс хамгийн том нь гэж үздэг.
Ковидын үед төслийн явц удааширсан ч 2027 онд ашиглалтад орсноор асар том хүчин чадалтай үйлдвэр болох юм. Уулзалтын үеэр газрын тосны нөөц нэмэгдүүлэх, хайгуул болон олборлолтын чиглэлээр цаашид хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан.
“Гандантэгчэнлин хийдэд номын сан байгуулж өгөх, Богд хааны музейг сэргээн засварлах төсөлд Энэтхэгийн талаас хөрөнгө оруулалт хийх санал гаргасан”


“Оюун санааны хөрш” гэсэн утгаараа манай харилцаанд соёл, хүмүүнлэг, шашин, түүхийн өв, соёлыг онцгойлон авч үздэг. Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдэд номын сан байгуулж өгөх, Богд хааны музейг сэргээн засварлах төсөлд Энэтхэгийн талаас хөрөнгө оруулалт хийх санал гаргасан. Мөн Буддын шашны салбар дахь харилцааг онцгой ач холбогдолтой гэж үздэг.
Англи хэлний багш 1000 хүнийг бэлтгэх, мэдээллийн технологи, инженер, өндөр технологийн чиглэлээр мөн 1000 оюутан, мэргэжилтэн сургах амлалт өгсөн. Н.Моди Ерөнхий сайд эдгээр саналуудыг илэрхийлж, хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Ладак муж буюу Бакула Ринбүүчигийн төрсөн нутаг, Монголын Архангай аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
“Энэтхэг өндөр хөгжилтэй бөгөөд манай ААН-үүдэд сонирхолтой олон санал ирсэн”
Монголд буй Энэтхэгийн дунд сургуулийг цаашид хөгжүүлэх, технологийн аутсорсингийн төв байгуулах, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон санаачилга дэвшүүлсэн. Мөн стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэ нь дараагийн 10 жилийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд, бодитой хэрэгжүүлэх зорилготой юм.
Айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулж байна. Монгол Улсаас 60 гаруй ААН, Энэтхэгийн талаас 70 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож байгаа. Энэ форум нь өндөр үр дүнтэй болох хүлээлттэй байна. Эмийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр Энэтхэг өндөр хөгжилтэй бөгөөд манай ААН-үүдэд сонирхолтой олон санал ирсэн.
Мөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, старт-ап бизнес, залуу бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Энэтхэгийн тал илэрхийлсэн. Энэ чиглэлд ч өндөр хүлээлттэй байна.
Иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлалын хөгжилд бид ахиц гаргах шаардлагатай. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдсан тул Дели болон бусад хотууд руу шууд нислэг, чартер нислэг эхлүүлэхээр тохиролцсон. Энэ нь залуучуудын солилцоо, бие биенийхээ соёл, амьдрал, техник технологитой танилцах чухал боломж юм.
Н.Моди Ерөнхий сайд залуучуудад ихээхэн нөлөөтэй удирдагчийн хувьд хоёр орны залуусын хамтын ажиллагааг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн нь маш чухал санаачилга байлаа” гэв.






