
ХБНГУ-ын эрх баригч улс төрийн хүчинд анх удаа Монгол хүн элсэн, өөрийн амьдарч буй хотынхоо Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Г.Очмаад өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Хүндэт иргэн” тэмдэгийг гардуулан өглөө.
Г.Очмаа анх 2011 онд ХБНГУ-ын Мюнхен хотод суралцахаар очиж байсан бөгөөд өдгөө хотынхоо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн 2024 онд 52 жилийн түүхтэй Монгол-Германы нийгэмлэгийн анхны монгол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Эх орондоо ирээд төрж, өссөн Баянгол дүүргийнхээ “Хүндэт иргэн” болсонд баяр хүргэе.
– Баярлалаа. Би БГД–т төрж, өссөн. Өргөөгийн хажуу талын байранд хүүхэд насаа өнгөрүүлээд, Бичил хороолол ашиглалтад ороод тэгээд манайх бичил рүү нүүсэн байгаа. 28 дугаар сургуульд суралцаж байгаад 31 дүгээр сургууль руу шилжээд 10 дугаар ангиа төгсөж байсан.
Дараа нь Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны Их сургуульд суралцсан. Үргэлжлүүлээд ХБНГУ–ын Мюнхен хотод 2011 онд очоод магистраа хамгаалсан.
Сурч байхдаа гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, гэр бүл болж тус хотод суурьшсан. Түүнээс хойш Монгол соёлоо тухайн амьдарч байгаа муж улс, хот сууриндаа түгээж явахыг хичээж, эрмэлзэж явдаг.

2024 онд Монгол-Германы нийгэмлэгийн анхны монгол Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Нийгэмлэгийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
– Герман-Монголын нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2024 онд нийгэмлэгийнхээ Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өмнө нь Герман-Монголын нийгэмлэгт Герман хүмүүс Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Миний хувьд анхны Монгол Ерөнхийлөгчөөр сонгогдсондоо баяртай явдаг.
Герман-Монголын нийгэмлэг нь 2 улсын хотуудын хамтын ажиллагаа, Монгол, Герман Герман-Монголын нийгэмлэг нь 2 улсын хэрдэмтийн эрдэм шинжилгээний хурал, энэ салбарт анхаарж ажилладаг.
Мөн Монгол хэл сурч буй герман оюутнуудыг монголд дадлага хийх, Монгол оронтой танилцах ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн Монгол, Германы бизнес эрхлэгчдийг уулзах, хамтран ажиллах, чиглэлд дэмжлэг үзүүлж, зуучилдаг. Мөн улс төр, хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Таны гэр бүлийн хүн ХБНГУ-ын Бавариа мужийн Амбан захирагчаар ажилладаг. Энэ нь таныг улс төрийн намын гишүүн болж, ИТХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахад нөлөөлсөн үү?
– Анх ханьтайгаа гэрлэхэд гэр бүлийн хүн маань хотынхоо даргаар ажилладаг байсан. Тухайн үед ахмад настнууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд багачууд руу чиглэсэн хүмүүнлэгийн их ажил хийдэг байсан.
Би ойрхон 2 хүүгээ төрүүлээд хөл хүнд, нялх хүүхэдтэй байсан ч хотынхонтойгоо нийлээд хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдог, өөрөө санаачилж, хотын иргэдээ уриалан хийж, хэрэгжүүлж байсан.
Үүнийг CSU /Christian Social Union/ нам анхаарч хараад 2020 оны гуравдугаар сарын 15-нд болсон Орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх санал тавьсан.
Би ХБНГУ-ын CSU /Christian Social Union/ нам намын ИТХ–ын төлөөлөгчийн хувьд одоо Монгол-Германы улс төрчид, ялангуяа муж улсынхаа улс төрчдийг Монголтой холбож, улс төрийн намын төлөвшил, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажилласаар ирсэн.







анхны ч биш байх аа Солонгоо гээд өөр нэг эмэгтэй Германы улс төрч гээд аль эртнээс л гардаг бсан байх шүү