
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Оюу толгойн гэрээ болон төсөвтэй холбоотой тодруулга өглөө.
-Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдын захирамжаар та энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Танай ажлын хэсэг хуралдсан уу?
-Хуралдсан. Хэд хэд хуралдсан. Энэ зээлийн хүүг бууруулах ажил нь компани хоорондын ажил. Гэхдээ Засгийн газар хариуцаж авах шаардлагатай болсон. Тиймээс надад үүрэг өгч, наймдугаар сарын сүүлээр ажлын хэсэг байгуулагдсан.
Есдүгээр сарын 1-нд төсвөө өргөн барьсан. Одоо ачаалал өндөр байгаа. Гэсэн ч ажлын хэсэг байгуулж, нэмэлт хоёр ажлын хэсэг байгуулсан.
Манай ажлын хэсэг дэд ажлын хэсэг байгуулсан. Гэрээ, серверүүд дээр ажиллаж байгаа техникийн шатны багт компани, яам, шаардлагатай зөвлөхүүд орсон. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Өнөөдөр ТББХ-ны дараа хуралдах байсан ч хуралдаагүй. Дараагийн ажлаа үргэлжлүүлнэ. Хугацаа бидэнд бий. Энэ удаа зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна. Урьдчилсан ажлуудыг Засгийн газар сайн хийсэн.
Хамгийн том нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. 2018 онд зээлийн хүү тогтоох үед зэрэглэл хамгийн доод түвшинд байсан. Харин 2024 оноос хойш өмнө хүрч байсан түвшинд хүрсэн. Буцаагаад сайжирсан.
2012, 2017 он, 2025 он гээд Оюу толгойн гэрээг ард түмний ашигт нийцүүлэн сайжруулах үндэсний экспертүүдийн чадвар өндөр түвшинд хүрсэн гэж үзэж байна. Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа багтаа итгэж байна.
МӨН ТӨСВИЙН ТУХАЙ АСУУЛТАД ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГЛӨӨ:
Өвөлжилтийн бэлтгэл дээр гантай улирал өнгөрсөн, цас орж эхэлсэн. Зарим аймагт цас орсон. Өдийд орсон цас зудны дохио. Өвөлжөөндөө буугаагүй, тэжээл рүү мал ороход тэжээлийн хомсдол үүснэ. Хүндэрч болзошгүй.
Гэтэл төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийгээгүй байхад 10-р сарын 15 болчихсон. Энэ үед гуравдугаар хэлэлцүүлгээ хийчихсэн байх ёстой. Хэрвээ засах зүйл байвал УИХ ажлын хэсэг байгуулж, засаж болно.
Буцаах, улстөржүүлэх, хойшлуулах шаардлагагүй. Сангийн яамнаас санхүүжилтүүдийг зогсоох шаардлагагүй. Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө авах ёстой олон компаниуд Сангийн яам дээр гацсан гэх ойлголт буруу. Төрийн санд гацсан зүйл байхгүй.
Сая хийсэн тодотгол бага дүнтэй биш 2.3 их наяд. Үлдсэн саруудад санхүүжилт багасаж байна. Тиймээс зарим санхүүжилтүүдийг хойшлуулж, заримыг нь нааш татаж зохицуулалт хийх хэрэгтэй болж байна.
Орон нутагт энэ мэдээллийг сайн өгч, ойлголцох хэрэгтэй. Төрийн сангийн үйл ажиллагаанаас төлбөр тооцоо хойшилж байгаа зүйл байхгүй. Харин санхүүжилтийн эрэмбэ, хуваарилалтыг дахин зохион байгуулах асуудал гарч байна.
Засгийн газар, УИХ-ын даргыг огцруулах асуудлаас үүдэж эдийн засагт хүндрэл, эрсдэл бий болж байна. Инфляц өсөх, хөрөнгө оруулалт хойшлогдох, эрсдэл нэмэгдэх нөхцөл үүсч байна.
Төсөв батлагдахгүй удах тусам байдал хүндэрнэ. Тиймээс хугацаандаа батлах нь чухал. Хоёрдугаар хэлэлцүүлгээ ядаж хийх ёстой. Өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч хийгдээгүй. Энэ долоо хоногт хэлэлцээсэй.
Засгийн газрын асуудал Баасан гараг 14:30-д дууссан. 10 хоногийн хугацаа дууссан. Түүнээс хойш төсөв хэлэлцэх гэж байсан ч ТББХ завсарласан. Баасан гараг 18 цагт бас завсарлавал дахиад долоо хоногоор хойшлоно.
-Төсөв дээр маш их санаа зовж байна. Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг хуралдсан. Хэд хэд хуралдсан. Энэ оны гуравдугаар улиралд Засгийн газарт танилцуулах ёстой байсан. Ямар танилцуулгууд хийсэн бэ?
-Дэд ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа. Бүх яамдаас хүмүүс орсон. Компани, мөн зөвлөхүүд орсон. Хувийн хэвшлээс төлөөлөл оролцсон. Хэлэлцээр бол тактикийн асуудал. Ил ярих боломжгүй. Тэгвэл давуу байдлаа алдана.
Нууцлах шаардлага бий. Гол нь үр дүн. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.






