
Чехийн парламентын сонгуульд барууны популист нам ялалт байгуулжээ
Чехийн парламентын доод танхимын сонгуульд тус улсын Ерөнхий сайд асан тэрбумтан Андрей Бабишийн сөрөг хүчний барууны популист ANO (Сэтгэл дундуур иргэдийн акц) нам ялалт байгуулжээ. Нийт саналын хуудаснуудын 99 хувийг тоолсны дараа А.Бабишийн нам 34.5 хувийн санал, Ерөнхий сайд Петр Фиалын Spolu (Хамтдаа) нам 23 хувийн санал авчээ.
Сонгуулийн ирц 69 орчим хувьтай байсан нь 1998 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр ирц юм байна.
А.Бабиш сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа нам нь түүхэн амжилт тогтоосныг онцлон, ANO намын ялалт түүний улс төрийн карьерын оргил үе боллоо гэжээ. Сонгуулийн үр дүнгээс харвал ANO нам парламентад олонх болохын тулд бусад жижиг намуудтай эвсэх шаардлагатай болж байгаа аж.
А.Бабиш Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох эсэхийг Чехийн Ерөнхийлөгч Петр Павел шийдэх юм. Тэрээр сонгуулийн санал хураалтын өмнө иргэдийн сонголтыг хүндэлнэ гэдгээ амласан аж. Сонгуулийн кампанит ажлынхаа турш Украинд зэр зэвсэг нийлүүлэх хөтөлбөрийг зогсооно хэмээн амлаж, НАТО-гийн батлан хамгаалахын төсвийн нэмэгдэл, Европын ногоон бодлогыг шүүмжилсэн А.Бабиш дахин улс төрийн эрх мэдлийг атгаснаар Европын толгойн өвчин болоод буй Унгар, Словак зэрэг улсын араас орж болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ. Үүнтэй холбоотойгоор Чехийн парламентын сонгуулийн үр дүн Европын удирдагчдын анхаарлын төвд байсан нь гарцаагүй юм.
А.Бабиш татварыг бууруулж, тэтгэврийг нэмэгдүүлж, эрчим хүчний үнэд хязгаарлалт тогтоож, төрийн албан хаагчдын цалинг царцаана гэсэн амлалтуудыг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн аж. The Economist сэтгүүлд бичсэнээр Европын бусад улс орнуудтай харьцуулахад 2019 оноос хойш Чех улсад иргэдийн бодит орлого хурдацтайгаар буурсаар, иргэдийн худалдан авах чадвар 10 хувиар буурчээ.
Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаа үл харгалгалзан Прага украины 400 мянга орчим дүрвэгсдийг хүлээн авсан ба чехүүд украинчууд хэтэрхий их тусламж дэмжлэг авч байна гэж үзэх болжээ. Сонгуулийн ялалтаа зарласныхаа дараа А.Бабиш Чех улс Европын холбоогоор дамжуулж Киевт тусламж үзүүлсээр байгааг онцлохын зэрэгцээ Украинд зэр зэвсэг нийлүүлэх хөтөлбөр нь НАТО-гоор дамжих ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Украин улс Европын холбоонд элсэхэд бэлэн биш байгаа гэж үзэж байгаагаа ч мөн дурджээ.






