
Сүхбаатар аймагт тариалан эрхэлдэг байгууллага “мансууруулах үйлчилгээтэй ургамал” тариалсан хэргийг илрүүлжээ
Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага “Мансууруулах үйлчилгээтэй ургамал” тариалсан гэх хэргийг илрүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалт хийж, энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлжээ.
Хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна. Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлд заасан мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэмт хэргийг хуулийн этгээдийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж, 40-200 сая хүртэлх төгрөгөөр торгох ял шийтгэх зохицуулалттай.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байгаа тул гэмт үйлдлээс татгалзахыг анхаарууллаа.
Уг мэдээллийн талаар дэлгэрэнгүй БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






