
Мароккод залуусын “GenZ 212” нэртэй цахим хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал 4 дэх өдрөө үргэлжилж байна. Жагсагчид эрх баригчдаас боловсрол, эрүүл мэндийн салбарыг сайжруулж, авлигатай тэмцэхийг шаардаж байгаа аж.
Залуус TikTok, Instagram, Discord зэрэг платформуудыг ашиглан иргэдийг жагсаал цуглаанд нэгдэхийг уриалсан ба үүний үр дүнд Рабат, Касабланка, Марракеш, Агадир, Танжер, Тетуан зэрэг тус улсын томоохон хотуудад жагсаал цуглаан өрнөжээ.

Жагсагчид болон жагсаалыг тараах гэсэн хууль сахиулагчид хооронд мөргөлдөөн үүссэн, жагсагчид цагдаа нар луу чулуу шидсэн, цагдаагийн машиныг эвдэлсэн, банкны барилгыг шатаасан тохиолдлууд хэд хэдэн хотод бүртгэгдсэн байна.


Нийгмийн тэгш бус байдал нь Марокко улсын хүн ам тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхэд залууст тулгараад буй гол асуудал болоод байгаа юм.
Мароккогийн эвслийн засгийн газар өнгөрсөн мягмар гарагт залуусын шаардлагыг хүлээн авч, иргэдэд тулгараад буй асуудлуудыг бодитойгоор шийдэх арга замыг хамтдаа олохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: reuters.com






