
Намрын улс төр халуун. Төрийн ордонд Оюу толгойн зээлийн хүүг бууруулах, “ОНТРЭ”-гийн асуудлаар шинэ гэрээ хийх зэрэг нь эд яригдаж байна. Өчигдөр л гэхэд ордонд МАН-ын бүлэг дээрх асуудлуудыг хэлэлцсэн юм. “Оюу толгойн зээлийн хүүд Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна. Ердөө зургаан өдрийнх нь мөнгөөр нийт сурагчдаа бүтэн жил сүүгээр хангах боломжтой” хэмээн гишүүд халаглан ярьцгаах. Гэвч үнэн хэрэгтээ зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны 12 сарын 31-нд дуусна. Хэрэв бид энэ хугацаанд гэрээг Монголын талд ашигтайгаар өөрчлөн батлуулж чадахгүй бол ахиад долоон жил Оюу толгойн гэрээнд гар хүрэх боломжгүй болно.
Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах, “ОНТРЭ”-гийн асуудлаар шинэ гэрээ хийх зэрэг асуудалд анхаараач ээ хэмээн Засгийн газраас ч тэр, УИХ-ын хурлаас ч тэр олон чиг ажлын хэсэг байгуулжээ. Гэвч ямар ч үр дүнгүй.
Сануулбал,
- 2024.10.30-нд зээлийн хүүг бууруулах, шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулж, яриа хэлэлцээг эхлүүлэн үр дүнгээ танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн С.Наранцогт, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Э.Ганхүү нарт Засгийн газраас даалгажээ.
- 2025.2.11-нд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тушаалаар зээлийн хүүг бууруулах, шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь С.Наранцогт, дэд ахлагчаар нь Э.Ганхүүг тавьжээ.
- 2025.07.02-нд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулагч даргаар нь О.Батнайрамдалыг сонгов
- 2025.08.19-нд Г.Занданшатар зээлийн хүүг өөрчлөх ажлыг хэсгийг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулан байгуулжээ. Энэ ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй.
- 2025.08.22-нд Г.Занданшатар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд “ОНТРЭ” дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх ажлын хэсгийг ахлуулж өгсөн. Энэ ажлын хэсэг нь гэрээ хэлэлцэл хийж, УИХ-д танилцуулах үүрэгтэй.
Ер нь бол асар олон ажлын хэсэг байгуулчихсан ордон дотор үзэлцээд л байна. Гэвч Рио тинтотой хэзээ уулзах вэ гэдэг нь тодорхойгүй л. Ингэж олон ажлын хэсэг байгуулж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй “янаглалцсаар” байтал өнөө 12 сарын 31 юу юугүй хаяанд ирэх нь, Ерөнхий сайд аа. Наад ажлын хэсгийн гишүүд ээ ажлыг хийлгээч ээ.
МАН-ын бүлгийн хурлаас гарч ирсэн гишүүд юу ярив.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Өнөөдрийг хүртэл Сангийн яаманд Оюу толгойн тайлан хүргэгддэггүй юм байна. Үүний цаана маш их хэмжээний санхүүгийн аргаар Монгол Улсыг өрөнд оруулах, Монгол Улсад үр ашиггүй байлгах хүсэлтэй хүмүүс байна. Оюу толгойтой холбоотойгоор манай эрх бүхий хүмүүс үеийн үед явцуу эрх ашгийн үүднээс хувь хүртдэг, бэлтгэн нийлүүлэх бараа үйлчилгээ гэдэг юм уу янз бүрийн зүйлд оролцсоныхоо төлөө эс үйлдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Рио тинто 2021 он хүртэл 10.1 тэрбум долларын ашиг олсон. Үүний 4 тэрбум доллар нь зээлийн хүү. Тэдний гол ашиг олж байгаа юм нь зээлийн хүү байна. Энэ гэрээг долоон жил тутам эргэж харах боломжтой. Өнгөрсөн хугацаанд нүдээ аниад л өнгөрч байсан. Бид тухайн үед нь хэлдэг байсан. Огт авч хэлэлцдэггүй байсан. Тэр үед эх орноо зарсан бүлэглэлийн төлөөлөл Засгийн газар, Их хуралд их байсан учир яаж ч чадаагүй. Одоо бидэнд одоо 93 хоног үлдсэн. Гэтэл өнөөдөр Засгийн газар ямар ч идэвхгүй ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулсан гэж байгаа. Гэтэл ажлын хэсэг нь нэг ч хуралдаагүй. Бид өнөөдөр бүлгийнхээ хурал дээр энэ ажлын хэсгийг хуралдуулж, 93 хоногт багтаан тэр зээлийн хүү хэлэлцээрийг эхлүүлж, Монголыг шулаад байгаа зээлийн хүүг зогсоо.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн О.Батнайрамдал: 16 жилийн турш яагаад энэ асуудлуудыг шийдэж чадаагүй өнөөдөр зээлийн хүү анх төсөл эхэлж байсан хэмжээний 11 хувийг төлж байгаа юм. Үүн дээр ямар, ямар сайд эс үйлдэхүй гаргаж, ямар шийдвэр гаргаад огт хөдөлдөггүй байсныг маш дэлгэрэнгүй тайлбарлана. Ирэх долоо хоногийн даваа гарагт болох МАН-ын бүлгийн хурлаар Оюу толгойн асуудлыг сайд нарыг нь байлцуулж байгаад дахиж ярихаар болсон. Учир нь бүлгийн хурал дээр нэр бүхий сайд нар байсангүй.
Хянан шалгах хороо долоо хоног бүр хуралдаад байгаа. Бид 11 сарын сүүл 12 сарын эхээр хянан шалгах түр хороо Оюу толгой дээр томоохон сонсгол зохион байгуулна.
Бас нэг зүйл байгаа нь яагаад Оюу толгойн асуудал дандаа нууцтай холбогдож байгаа юм. Өнөөдөр Оюу толгой дээр Үндэсний аудитын газар маш том гүйцэтгэлийн аудитыг таван жилийн турш хийсэн. Гишүүдэд тараагдсан. Гэтэл энэ бүхэн нууцад дарагдсан болохоор өнөөдөр нэг ч гишүүн ярих боломжгүй. Ард түмний үндсэн өмч болох Оюу толгойг ард түмнийг төлөөлж байгаа гишүүдээс нь ард түмэнд ярих эрхээр нь хангахгүй яагаад нууцад дарж байгаа юм. Яагаад Оюу толгойгоос ирсэн 20 гаруй мянган хуудас баримт бичиг бүгд нэг бүрчлэн нууц гэсэн тамгатай байгаа юм. Өнөөдөр Оюу толгойгоос ирсэн 20 мянга гаруй хуудас нотлох баримтаас нэг ч хуудсыг бид сонсгол дээр ашиглах боломжгүй байна.






