
Энэтхэгийн Шив Надар их сургуулийн туслах профессор, 42 настай Викаш Кумар, түүний шавь 29 настай Сартхак Миттал нар шивэртэй гутлын талаар хийсэн судалгаагаараа хошин бөгөөд ер бусын нээлтүүдэд олгодог “Ig Nobel Prize” шагналыг хүртжээ.
С.Миттал дотуур байранд нь амьдардаг оюутнуудын дийлэнх нь гутлаа өрөөндөө бус дотуур байрныхаа коридорт замбараагүй тайлж тавьдгийг анзаарчээ. Үүнтэй холбоотойгоор С.Миттал дотуур байрныхаа коридорыг эмх цэгцтэй болгохын гутлын тавиурын шийдэл олохоор судалж эхэлсэн аж.
Судалгааныхаа явцад С.Миттал оюутнууд гутлаа өрөөндөө тайлахын оронд коридорт тайлж хаядгийн гол шалтгаан нь гутлын эвгүй үнэр болохыг олж тогтоожээ.
С.Миттал дотуур байрныхаа 149 оюутны дунд санал асуулга явуулсан ба оюутнуудын талаас илүү хувь нь өөрийнхөө эсвэл бусдын шивэртэй гутлаас ичдэг хэмээн хариулсан байна.
С.Миттал, Викаш Кумар багшийнхаа хамтаар хөлстэй орчинд олноор үрждэг Kytococcus sedentarius нэртэй нян нь гутлыг эвгүй үнэртэй болгодог болохыг, мөн шивэртэй гутлын доторхыг хэт ягаан UVC туяагаар шарах нь дээрх нянг устгаж, эвгүй үнэрийг алга болгодог болохыг олж тогтоосон байна.

Тэд их сургуулийнхаа тамирчдын бэлтгэлийн үеэр өмсдөг гутлыг туршилтанд оруулж, UVC туяагаар шарсан ба UVC туяанд 2-3 минут болоход гутлын дотор үржсэн нян устаж, эвгүй үнэр нь алга болж байгааг ажиглажээ.
С.Миттал, В.Кумар нар энэ санаагаа ашиглан 2022 онд UVC туяа суурилуулсан гутлын тавиур бүтээж байжээ. С.Миттал, В.Кумар нар энэхүү судалгаагаа “Ig Nobel Prize” шагнал гардуулах комисст илгээгээгүй ч зохион байгуулагчид нь өөрсдөө холбогдож, судалгааны ажлыг нь үнэлж, шагнал гардуулах болсноо мэдэгджээ.


Эх сурвалж: BBC.com






