
Нью Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Францын элчин сайдын яам руу явж байхад нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цуваа явж өнгөрөх гэж байгаатай холбоотойгоор цагдаа нар зогсоожээ. Францын Ерөнхийлөгч Э.Макроны Нью Йоркийн гудамжинд зогсон цагдаагийн албан хаагчтай ярилцаж буй мөч ойролцоо байсан сэтгүүлчдийн камерт бууж, нийгмийн сүлжээнд тархжээ.
Э.Макрон цагдаад хандан, “Би энд 10 хүнтэй хамт явж байгаа юм. Бид Францын элчин сайдын яам руу явж байгаа юм” хэмээн хэлж байгаа нь сонсогдох ба хариуд нь цагдаагийн албан хаагч, “Уучлаарай, ноён Ерөнхийлөгч өө, ёстой уучлаарай. Таны харж байгаачлан яг одоо цуваа ирж байгаа учир хөдөлгөөнийг зогсоочихсон байна” хэмээн тайлбар тавьж байгааг харж болох юм.
Үүний хариуд Э.Макрон, “Цуваа ойрхон харагдахгүй байгаа юм чинь бид хурдхан шиг зам хөндлөн гарчихъя. Хэдүүлээ тохиролцъё” хэмээн хэлж байгааг сонсож болох юм. Цагдаагийн албан хаагч Францын Ерөнхийлөгчийг, дагалдаж яваа хүмүүсийнх нь хамт цуваа өнгөртөл гудамжинд зогсоосонд Францын төрийн тэргүүн бухимдахын оронд гар утсаараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп руу залгаж, өөрөөс нь болж гудамжинд зогсож буйгаа хошигнон хэлжээ.
Тэрбээр Нью Йорк хотын гудамжаар цааш алхангаа Америкийн төрийн тэргүүнтэй яриагаа үргэлжлүүлж, Газын зурвас дахь нөхцөл байдал зэрэг олон улсад тулгараад буй хэд хэдэн асуудлыг ярилцаж амжжээ. Авто замын хөдөлгөөн нээгдсэн ч Францын Ерөнхийлөгч Э.Макрон Францын элчин сайдын яам руу 30 минут хэртэй алхахад хүрсэн ба замдаа тааралдсан иргэдтэй зургаа авахуулж, зарим нь бүр түүнийг үнсэж байгаа нь камерт буужээ.






