
Европын хамгийн чинээлэг хүн, LVMH Louis Vuitton Moët Hennessy групп компанийг үүсгэн байгуулагч Бернар Арно Францын эрх баригчдын 100 сая еврогоос дээш хөрөнгөд 2 хувийн татвар ноогдуулах төлөвлөгөө чөлөөт эдийн засгийг үгүй хийнэ хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр хувиараа болон компаниудаараа дамжуулан төлсөн татварын хэмжээгээрээ улсдаа тэргүүлэгч гэдгээ онцлон, баячуудын хөрөнгөд татвар тогтоосноор түүний зүгээс 1 тэрбум гаруй еврог татварт өгөх шаардлагатай болох нь Францын эдийн засагт их хэмжээний хохирол учруулна гэжээ.
LVMH Louis Vuitton Moët Hennessy групп компанийн 48 хувийг эзэмшдэг Бернар Арно нь Forbes сэтгүүлд бичсэнээр 157.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 7-д бичигдэж байгаа юм. Тэрээр гэр бүлийнхээ барилга үл хөдлөхийн бизнесийг өргөжүүлж, Bvlgari, Tiffany & Co, Christian Dior, Celine, Glenmorangie зэрэг тансаг брэндүүдийг худалдан авч, хөрөнгөө босгосон түүхтэй юм.
Францад улс төрийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор тус улсын засгийн газар төсвийн алдагдлаа бууруулахын тулд 100 сая еврогоос дээш хөрөнгөд 2 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөсөн нь иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээгээд байгаа юм. Уг санааг анх Парисын Эдийн засгийн сургуулийн профессор Габриэл Зукман гаргасан ба тэрээр 6-р сард The Guardian сонинд бичсэн нийтлэлдээ, “Их хэмжээний хөрөнгө мөнгө зөвхөн нэг хүн дээр төвлөрч, тэрхүү их хөрөнгө мөнгийг хязгааргүй их эрх мэдэл дагалдаж байгаа нь ардчиллын үнэт зүйлийг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн байдал хурцдах шалтгаан болж байна.” хэмээн бичиж байжээ.
Эх сурвалж: The Guardian






