
“Сонгодог урлаг үргэлж нийгмээсээ нэг алхам түрүүлж алхдаг. Хэрэв бид өнөөдөр хүүхдүүддээ анхаарахгүй бол маргаашийн нийгэм улам хүнд болно” хэмээн “Uvertura” хамтлагийн ахлагч, “Анир поп оркестр”-ийн гүйцэтгэх захирал, дууны инженер Г.Пүрэвдагва онцоллоо.
Түүний удирдаж буй хамт олон хүүхдийн уран бүтээлд онцгойлон төвлөрч, тайлбарт танин мэдэхүйн “Синемато” хөгжмийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ тоглолтын үеэр хүүхдүүд эхэндээ дургүйцэн, шуугилдан орж ирдэг ч хоромхон зуур хөгжим, дүрсний өгүүлэмжид татагдан, гарч явахдаа нүд нь гэрэлтэж, сэтгэл нь өөрчлөгдсөн байдаг тухай тэрээр ярив.
“Биднийг бага байхад хүчээр тоглолт үзүүлдэг байсан. Харин одоо хүүхдүүд өөрсдөө нээж мэдэрдэг болсон. Анимэ киноны хөгжим, хүүхэлдэйн киноны аялгууг амьд оркестроор сонсохдоо тэд огт өөр ертөнцийг мэдэрдэг. Тэр мөчид хүүхдийн соёлын суурь ухамсарт тогтчихдог” гэж Г.Пүрэвдагва хэллээ.
Энэхүү тоглолт зөвхөн хөгжим биш, хүүхдийн соёлын дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой гэдгийг сэтгэл судлаачид ч баталжээ.
“Хөгжим өөрөө засал хийдэг шинжлэх ухаан. Далд ухамсарт хүүхдийн соёлын ойлголт сууж, цаашлаад кино театр, нийтийн газар биеэ зөв авч явах дадал бий болдог” гэж сэтгэл судлаачийн үнэлгээг тэрээр эш татав.
Г.Пүрэвдагва “Энэ бол арилжааны тоглолт биш, нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил. Төр, нийслэл бодлогын түвшинд хүүхдийн төлөө ийм хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй” хэмээн уриалав.
“Синемато” тайлбарт танин мэдэхүйн хөгжмийн тоглолт есдүгээр сарын 27-нд Тусгаар Тогтнолын ордонд 15:00, 18:00 цагуудад хоёрхон удаа тоглогдох гэж байна.
“Хүүхэд болгоны нүдэнд баяр хөөр, аз жаргал бялхаж яваг” хэмээн уран бүтээлч Г.Пүрэвдагва нийт эцэг эх, хүүхдүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг уриаллаа.








