
Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд төрийн эргэлт зохион байгуулахаар оролдсон хэргээр 27 жил 3 сарын хорих ял оноожээ.
Бразилын Дээд шүүх Жаир Болсонару 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио Лула да Сильвад ялагдсаныхаа дараа төрийн эрхийг хүчээр авч үлдэхийг оролдсон гэж үзсэн ба түүнийг 2023 оны 1-р сард дэмжигчдээ Дээд шүүхийн байр, Ерөнхийлөгчийн болон конгрессын ордон руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэхийг өдөөн хатгасан гэжээ.
Прокурорын зүгээс Ж. Болсонару төрийн эрхэнд үлдэх төлөвлөгөөгөө эртнээс боловсруулж эхэлсэн, ингэхдээ зэвсэгт хүчний командлагч нарт төрийн эргэлт хийхийг санал болгож, сонгуулийн систем шударга бус гэсэн эргэлзээг төрүүлэх ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байсан тухай мэдэгджээ.
Түүнчлэн Ж. Болсонару зэвсэгт хүчний тусгай ангийнхан 2022 оны сонгуулиар ерөнхийлөгчөөр сонгогдсон Луис Инасио Лула да Сильва болон түүний дэд ерөнхийлөгч, дээд шүүхийн шүүгч нарыг хөнөөхөөр төлөвлөж байсан тухай мэдэж байсан гэжээ.
Ж. Болсонарутай төрийн эргэлт зохион байгуулахаар үгсэн хуйвалдсан 7 хүнд шүүхээс мөн ял оноосон ба тэдгээрийн дотор Бразилын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан улстөрчид, Тагнуулын газрын экс дарга, аюулгүй байдлын сайд асан нар багтжээ.
Эх сурвалж:BBC






