
Английн Ливерпүүл хотод ид үргэлжилж буй сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 10 боксчин өрсөлдөж байна.
Өчигдөр (2025.09.08) эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ хоёр дахь ялалтаа авснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр эхний даваанд Литвийн Александр Трофимчукийг, дараагийн тойрогт Туркийн Некат Экинчикийг буулган авснаар хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм. Шөвгийн наймд нутгийн тамирчин Одел Камаратай маргааш тулалдана. Энэ жинд 41 боксчин өрсөлдөж буй.
Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хүч сорьсон О.Есүгэн эхний тойрогт хийлээд Хятадын Тайпэйгийн Хуан Сяовэньд дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ. Түүний өрсөлдөгч нь Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ээс хошой алтан медаль хүртсэн боксчин юм.
Өнөөдөр манай дөрвөн боксчин дэвжээнд гарна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд Б.Мөнгөнсаран Мексикийн Жасмин Патинотой тулалдах юм. Б.Мөнгөнсаран эхний даваанд Украины Ярослава Маринчюкийг 5:0-ээр буулган авсан билээ.
Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Азербайжаны Нижат Хусейновтой шөвгийн 16-д тулалдана. Энэ жинд 29 боксчин Дэлхийн аваргын төлөө тулалдаж буй. Манай тамирчин эхний тойрогт хийлээд хоёрдугаар шатанд Шведийн Небил Ибрахимыг хүнд цохилтоор буулган авсан юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Туркийн Аяс Гажирир, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга БНСУ-ын Ён Тае Гинтэй хүч үзэх хуваарьтай.






