
Парламентын гишүүдэд сар бүр 3075 ам.долларын тэтгэмж олгох явдлыг эсэргүүцсэн Индонезийн ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр жагсагчид Индонезийн парламентын гишүүдийн орон байр луу дайран орж, тонон дээрэмдсэн хэд хэдэн хэрэг гарчээ.
Индонезийн парламентыг тараахыг шаардаж байгаа иргэдийг дэлхийн хамгийн тэнэг хүмүүс хэмээн мэдэгдэж, олны бухимдлыг төрүүлсэн парламентын гишүүн Ахмад Сахронигийн гэрт жагсагчид дайран орж, гэрт нь байсан үнэтэй бугуйн цагнууд, брендийн цүнх, үнэт эдлэлүүдийг нь тонож, зогсоолд нь байсан тансаг спорт загварын автомашинуудыг нь эвдлэн сүйтгэж, Марвелын “Iron Man”-ы бодит хэмжээтэй баримал зэргийг хулгайлжээ.
Жагсагчид мөн Индонезийн Сангийн сайд Сри Муляни, парламентын гишүүн Сурья Утама нарын орон гэрт дайран орж, Сурья Утамагийн тэжээвэр мууруудыг хулгайлсан байна.
Үүнтэй холбоотойгоор Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто дээрэм тонуул хийсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.
Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан өргөжиж, үргэлжилсээр байгаа ба тус улсын томоохон хотуудад өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр багадаа 10 хүн амь үрэгдээд байна.






