
Өглөө, оройдоо намрын сэрүү хэдийнээ оржээ. Их хотын амьдралд түм түжигнэж, бум бужигнана. Их сургуулийн ойр хавьд ёстой л ид хөл хөдөлгөөнтэй, оюутан залуусын хөлд хотын гудамж дарагдаастай.
Намар налайсан хамгийн гоё тайван улирал ч мэт хэрнээ нөгөө талаараа сэрүү татсан салхи, навчис сэрчигнэх мододын чимээ нь хүн бүрийг завгүй хөдөлмөрлүүлэх, хичээл сургууль, ном эрдэмдээ шамдахыг цаагуураа хэлээд л байх шиг.
Хүн бүрийн өдөр бүрийн амьдралын хэмнэлийн өнгө аяс өөр өөр.
Ажилдаа явган зорчигчийн замаар өглөө ирэх, оройдоо тараад алхах тэр л мөчүүдэд гадаа хуучны ном, товхимол худалдаалан зогсох ахимаг насны эгч эрхгүй анхаарал татна. Харин өнөөдөр тэр эгчийг зорин очиж, дараах энгийн хэрнээ эзэндээ ээлээ өгч буй худалдааны ажлынх нь талаар цөөн хором ярииа өрнүүлэв.

Түүнийг Цэвэгдоржийн Ширэндэв гэдэг. Тэрбээр нийт 32 жил хуучин номны худалдаа эрхэлж буй ажээ.
32 жил хуучны ном зарж буй Ц.Ширэндэв: Монголчууд намайг номтой холбосон. Тиймдээ ч би 70 гаруй настай хэдий өдөр бүр залуу явдаг даа
-Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Сайн, сайн байна уу? Намайг Цэвэгдоржийн Ширэндэв гэдэг. Би нийтдээ 32 жил хуучин ном зарж байна. Анх Арслантай гүүрэн дээр буюу яг гүүр дагаж зогсоод 14 жил ном зарсан даа. Түүнээс хойш Мэдээлэл технологийн паркийн яг хажуу талд ирээд 17 жил гадаа зогсож номоо худалдаалж байна.
-Голдуу ямар насны хүмүүс ирж ном худалдаж авдаг вэ? Ямар төрлийн номыг хамгийн ихээр авч байна?
-Бүх насныхан ирнэ. Сүүлийн үед залуучууд ч гэсэн ном сайн худалдаж авна. Түүхийн, мөн гадаад хэлний номууд их худалдаж авдаг. Ахмад настнууд монгол бор арга гээд л ярьдаг даа. Тухайлбал эмчилгээний номууд их авдаг. Жишээ нь ус уухаар ямар хэрэгтэй юм, өндөр наслахад ямар ашигтай юм гэх мэт номнууд авдаг. Оюутнууд бол өөрийнхөө чиглэл чиглэлээрээ, харин салбар бүрийн мэргэжилтнүүд хуулийн, техникийн талынхан техникийнхээ номыг авдаг даа.
-Таны хувьд зарж буй номныхоо нэр төрөл, товч мэдээллийг худалдан авж буй хүндээ сайтар хэлж өгдөг байх. Иймээс өөрөө ой тоондоо сайтар мэдээлэлтэй байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Хүн чинь аливаа зүйлд дасахдаа маш амархан. Тэгээд л ном зарна гэдэг бол маш гоё ажил. Олон жил номын худалдаа эрхэлж буй учраас бүүр дадал болчихсон. Энэ жил би яг тийм ном авбал болох юм байна. За энэ номыг би тэгээд авахад тийм хүн ирж авна гэдэг ч юмуу энэ талаараа ойлголт сайтай болчихдог. Худалдан авагч нарынхаа сурсан номыг нь олж өгнө.
Ц.Ширэндэв: Хуучин ч гэсэн зарах номоо өөрөө хажй, эрэл сурал болон олж авдаг
-Номоо өөрөө хайж, олж авахдаа хэрхэн ажилладаг вэ?
-Олон жил ном зарж буй учраас өргөн хүрээний танилтай болчихдог юм байна. Мэдээллээ солилцоно, заримдаа зар тавиад хайж буй номоо гэрийн хаягаар нь очиж авдаг.


-Та ямар мэргэжилтэй, өмнө нь хаана ажил эрхэлж байсан бэ?
-Би цэргийн офицер хүн. Тэтгэвэртээ гараад л номын худалдаа эрхэлж эхэлсэн. Одоо миний охин Арслантай гүүрэн дээр номын худалдаа эрхлээд суудаг. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй, миний хувьд бас олон жилийн өмнө авто осолд орж, нэг хөлөө тайруулж байсан. Өвчтэй, зовлонтой хүн хэцүү үеүүдэд номын буянаар танилцсан худалдан авагч нар маш ихээр эргэж ирж, сэтгэл санааны дэмжлэг өгч байсанд үнэхээр их баярладаг.
Охин бид хоёр анх ТҮЦ-нд хуучин номоо зардаг байлаа. Тэгээд ТҮЦ-ээ ачуулчихсан. Тэндээ байсан номнуудаа бүгдийг нь гэртээ аваачаад байшинд хураачихсан. Одоо байшин дүүрэн хуучин ном бий.
-Тэгэхээр ном таныг олонтой өдөр бүр учруулдаг байхнээ?
-Үнэхээр гоё. Ном зардаг ажлынхаа буянаар өдөр бүр ард түмэнтэйгээ уулзаж учирна гэдэг нь их гоё шүү дээ. Эрдэмтэн докторууд маш их байна, тэр том том улсуудын номыг авч би зарж өгнө. Мөн тэр улсууд надад номоо өгнө, солилцоо хийнэ. Гайхалтай сайхан ажил даа.
-Ажил бүхэн сайхаан. Танд ном зарах нь үнэхээр үр өгөөжээ өгч байгаа нь сайхан юм?
-Архи зарж байгаа хүн нэг өөр. Ном зарж буй хүн нэг өөр. Оюуны потенциал нэлээн өндөртэй, гайгүй сайхан улсууд ирж авна шүү дээ. Тэгэхээр надад бол маш их энерги өгдөг. Тийм ч учраас би 70 гаруй насыг наслаад байж байгаа байх гэж боддог юм шүү дээ.


Орчин үеийн оюутан залуусих өөр болсон. Худалдаж авах номныхоо тухай асууна, сурна, ойлголт мэдээлэл авна
-Та яг энд оюутан залуусын хөл хөдөлгөөн ихтэй газар номоо худалдаалдаг. Охид, залуус авч буй номынхоо талаар мэдээлэл, ойлголт таниас авдаг уу?
-Хүүхдэд залуучууд их өөр болсон шүү дээ. Жишээлбэл саяхан 1 оюутан охин над дээр ирээд би Япон улс руу явах гэж байгаа юмаа эгч ээ.
Тэгэхээр би Японд очоод хүнтэй яаж харьцах вэ, хүнийг яаж ойлгох вэ, өөрийнхөө биеийг яаж бэлдэх вэ? Гээд л асуусан. Үүн дээр яв цав тохирох ямар ном байна вэ гэж асуухаар нь би эрэл сурал болоод Дейл Карнеги хэмээх дэлхий даяар алдартай суут зохиолчийн номыг хайж олоод бэлдээд тавьчихсан. Өнөөдөр үдээс хойш тэр охин ирж авна. Энэ цуврал ном бол залуучууд хүнтэй хэрхэн харилцах хандлага, ёс суртахууны тухай өгүүлсэн, маш том сургамж болох номнууд юм.
-Таны амьдралыг номгүйгээр төсөөлөхгүй болов уу? Номтой нөхөрлөсөн он жилүүдээ товч өгүүлбэрээр илэрхийлнэ үү?
-Монголчууд намайг номтой нөхөрлүүлсэн. Хэдийгээр би 70 гаруй настай ч номын буянаар өдөр бүр залуу явдаг. Түүнээс би ганцаараа гудамжинд эсвэл эзгүй хээр очоод ном аваарай гээд зогсвол хэн ч авахгүй шүү дээ. Товчоор хэлбэл Улаанбаатарын хүн амыг 10 дахин өсгөсөнтэй тэнцэхүйц хэмжээний номоор ард түмнийг хангасан гэх юмуу даа.
-Таны худалдаалж буй номнууд хэдэн төгрөгний үнэтэй байдаг вэ?
-Би номыг тэгж их үнэ хадааж өгдөггүй. Тухайны хүнийхээ боломжийг харж байгаад л миний хүү хэдээр авах вэ, би тэдээр өгнө, ингэчихье гээд л ярилцаад өгчихдөг. Тэрнээс биш заавал давсан үнэ хэлээд, учиргүй давхиад байх бас хэцүү шүү дээ.
-Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Би олон газар номын сантай болгож өгсөн. Өөрийнхөө амьдарч буй хороо мөн янз бүрийн ийм газруудад зарж буй номноосоо хандивлаж өгсөн. Энэ 19 дүгээр хороо мөн 37 дугаар хороог номын сантай болгож байсан. Бас СБД-ийн Цахилгаан шугам сүлжээний газарт номын сантай болгоход хувь нэмрээ оруулсан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.






