
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч орох оронгүй болсон бол тэд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа юм.
Улмаар нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураах шийдвэрийг гаргаж, дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албажиж байв.
Байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн аж.
Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон юм.






