
Энэ сарын 25-нд Индонезийн нийслэл Жакарта хотод эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн хүрээгээ тэлж, тус улсын томоохон хотуудад өрнөж эхэлжээ.
Парламентын гишүүдэд сар бүр цалингийн доод хэмжээг 10 дахин нугалсантай тэнцэх 3075 ам.долларын тэтгэмж олгохоор болсон явдлыг эсэргүүцсэн иргэд орон нутгийн засаг захиргааны байр болон автомашинуудыг галдан шатааж, хууль сахиулагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсээр байна. Жагсагчид цагдаа нар луу чулуу, шилэн лонх зэргийг шидэж, хууль сахиулагчид хариуд нь нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч зэргийг ашиглаж байгаа дүр зураг Индонезийн томоохон хотуудад ажиглагдсан хэвээр байна.
Өнгөрсөн пүрэв гарагт 21 настай хүргэлтийн жолооч цагдаагийн машинд дайруулан нас барсан явдал иргэдийн уур бухимдлыг нэмэгдүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан улам өргөжиж, хүчээ авахад хүргэжээ.
Өмнөд Сулавеси мужийн Макасар хотод жагсагчдын хотын захиргааны байранд тавьсан галын улмаас 3 хүн амь үрэгдэж, 5 хүн шархадсан байна. Түүнчлэн жагсагчид Баруун Нуса Тенгара муж, Төв Жава мужийн Пекалонган хот, Баруун Жава мужийн Чиребон хотуудад орон нутгийн парламентын байруудыг галдан шатаажээ.
Эх сурвалж: The Guardian






