
Ойрын өдрүүдэд БНХАУ-д батлан хамгаалахын салбартай холбоотой хоёр том үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 31-нээс 9-р сарын 1-ны хооронд Хятадын Тяньжин хотод Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалт болох бол 9-р сарын 3-нд нийслэл Бээжин хотод Япон улс дайнд бууж өгсний 80 жилийн ойн баярын Ялалтын парад зохион байгуулагдах гэж байна.
Дээрх хоёр үйл ажиллагаанд дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүнүүд оролцох ба Тяньжинд болох ШХАБ-ын чуулга уулзалтад тус байгууллагын гишүүн 10 орны төрийн тэргүүнүүдээс гадна 20 гаруй орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Тус чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули нар оролцох бол Ялалтын 80 жилийн ойн баярын парадад оролцохоор Бээжинд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайн, Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канель, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Зимбабве зэрэг улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх аж.
Бээжинд болох Ялалтын парадад Европын улс орнуудаас Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нар оролцоно гэжээ.
Эх сурвалж: AP News






