
Өнгөрсөн даваа гарагт Индонезийн нийслэл Жакарта хотод парламентын ордны гадаа олон мянган иргэд парламентын гишүүдэд сар бүр 50 сая рупи буюу 3075 ам.долларын тэтгэмж олгохыг эсэргүүцэн жагсжээ. 50 сая рупи нь индонезичуудын цалингийн доод хэмжээг 10 дахин нугалсантай тэнцэх аж.
Түүнээс гадна жагсагчид томоохон компани, корпорацууд болон армид давуу тал олгодог “авлигач” улстөрчдийн эсрэг жагсаж байгаагаа мөн онцолжээ. 2024 оны 10-р сард Индонез улсын Ерөнхийлөгчөөр армийн командлагч асан Прабово Субианто томилогдсоноос хойш Индонезийн эрх баригчид боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн ажилд зарцуулах хөрөнгө мөнгийг танаж, харин зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, нэр нөлөө улам өргөжиж буй явдалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Зөвхөн энэ сард л гэхэд Индонезийн засгийн газар хөдөө аж ахуй болон мал аж ахуйгаар мэргэшсэн зэвсэгт хүчний 100 шинэ батальон бий болгохоо зарлажээ. Түүнчлэн өнгөрсөн сард Индонезийн зэвсэгт хүчин эмийн үйлдвэрлэлийн салбарт орохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ.






