
“Грэмми”-н 14 удаагийн шагналтан, дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй уран бүтээлч, дуучин Тейлор Свифт өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан найз залуутайгаа сүй тавьснаа зарлажээ. Америк хөлбөмбөгийн Kansas City Chiefs багийн тамирчин Тревис Келси найз бүсгүй Тейлор Свифтэд үнэт эдлэлийн Artifex Fine Jewellery компанийг үүсгэн байгуулагч Киндред Лубекийн урласан 8 карат очир-эрдэнийн шигтгээтэй ойролцоогоор 550 мянган ам.долларын үнэтэй шар алтан бөгжөөр гэрлэх санал тавьсан байна.
35 настай Тейлор Свифт өөрийн Instagram хуудсаар дамжуулан найз залуу Тревис Келсигээс гэрлэх санал авч буй торгон мөчүүдээ хуваалцаж, “Та бүхний англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь хоорондоо гэрлэхээр боллоо” гэсэн гарчигтай нийтэлжээ.

Тейлор Свифт, Тревис Келси хоёрын харилцаа 2023 оны 7-р сард Т.Келси New Heights подкастын үеэр Тейлор Свифтийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуучин бүсгүйтэй уулзаж, утасны дугаараа өгч чадаагүй хэмээн “гомдоллосноос” эхтэй юм. Уг үйл явдлын дараа Тейлор Свифт өөрөө Т.Келситэй холбогдож, түүнтэй болзож эхэлжээ.
Үүнээс хоёр сарын дараа дуучин бүсгүй Kansas City Chiefs багийн тоглолтыг Т. Келсигийн ээжтэй дараа нь дотны найзуудтайгаа үзэж, Т. Келси Тейлор Свифтийн Era’s Tour аялан тоглолтыг дуучин бүсгүйн аавын хамт үзэж сонирхсон мэдээ ар араасаа хөвөрсөн юм. 2023 оны 12-р сард Тейлор Свифт Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тревис Келситэй хэрхэн үерхэж эхэлсэн тухайгаа дурдаж, олон нийтэд анх удаагаа албан ёсоор харилцаагаа зарласан юм.






