
“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.
Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учралаар ахлуулсан төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 350 гаруй байгууллага оролцож байна. Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нүүрсний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх талаар урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар санал солилцлоо.








