
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойтой холбоотойгоор тус бүс нутагт айлчилжээ. Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд энэ нь Төвөдийн Өөртөө Засах Оронд хийж буй хоёр дахь айлчлал юм.
Түүний энэ удаагийн айлчлал нь өнгөрсөн сард Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам түүнийг нас барсны дараа хойд дүрийг нь Буддын шашны олон зуун жилийн түүхтэй ёс уламжлалын дагуу тодруулна, уг үйл ажиллагаа нь Бээжингийн оролцоогүй явагдана хэмээн мэдэгдсэнээс хойш болж байгаагаараа онцлогтой болж байна.
Бээжингийн хувьд XIV Далай ламыг салан тусгаарлагч хэмээн тодорхойлдог ба түүний хойд дүрийг тодруулах ажиллагаа нь Хятадын эрх баригчдын хяналт дор явагдах ёстой гэж үздэг юм. Хятадын төрийн тэргүүн Төвөдөд хийсэн айлчлалынхаа үеэр орон нутгийн удирдлагыг салан тусгаарлах үзлийн эсрэг тууштай тэмцлийг сайшаан магтаж, Төвөдийн Өөртөө Засах Орныг удирдаж, тогтвортой байдлыг хангаж, хөгжүүлэхэд нэн түрүүнд улс төр, нийгмийн тогтвортой байдал, үндэстний эв нэгдэл, шашны эв эеийг хангах нь зүйтэй хэмээн мэдэгджээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлал нь тус бүс нутагт Хятадын засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг, дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлээд байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 1.2 их наяд юанийн хөрөнгөөр баригдаж буй Ярлун Цангпо УЦС нь жилдээ 300 сая мегаватт цагтай тэнцэх цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх юм.






