
БНСУ-ын Чежү арлыг зорих жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус арлын цагдаагийн газраас зохисгүй үйлдэл гаргасан гадаадын жуулчдад торгууль ноогдуулж эхлэхээ мэдэгджээ.
Чежү арлын оршин суугчдын зүгээс гадаадын жуулчид хогоо хамаагүй хаяж, хүүхдүүдээ гадаа гудамжинд бие засуулж байна гэх мэт гомдлууд цагдаагийн газарт ихээр ирэх болсонтой холбоотойгоор Чежү арлын цагдаагийн газраас жуулчдад зориулж, хятад, англи, солонгос хэл дээр бичсэн зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмж нь хэлний болон соёлын ялгаатай байдлаас болж үүсэх үо ойлголцлоос сэргийлэх зорилготой гэжээ.
Чежү арал нь гадаад дотоодын жуулчдын дунд наран шарлагын газрууд, явган аялал, дэлгүүр худалдааны төвүүд, мөрийтэй тоглоомын газруудаараа алдартай юм.
Зөвлөмжинд ямар ямар зөрчилд ямар торгууль ноогдуулахыг зааж өгсөн байх ба үүнд хориотой газруудад тамхи татах, хог хаях, гарцгүй газраар зам гарах, архи согтууруулах ундаа хэрэглэх, хоолны төлбөрөө өгөхгүй явах, олон нийтийн газарт хөнгөнөөр болон хүндээр биеэ засах, хуурамч үнэмлэх ашиглах, бусдын орон байр луу зөвшөөрөлгүй орох зэрэг багтана гэжээ.
Анх удаа зөрчил гаргасан хүнд анхааруулга өгөх бол давтан зөрчил гаргасан хүнд 200 000 хүртэлх воны торгууль оногдуулах аж.
Коронавирусын цар тахлын дараа БНСУ-ыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, 2025 он гарснаас хойш зөвхөн Чежү л гэхэд 7 сая жуулчин хүлээн авчээ.
2024 онд л гэхэд гадаадын жуулчид БНСУ-ын эдийн засагт 9.26 их наяд ам.долларыг оруулсан ба Чэжү аралд зочилсон нийт жуулчдын 70 орчим хувийг Хятадын жуулчид эзэлж байгаа аж.
Эх сурвалж: BBC






