
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг нийт 24,900, гадаадын жуулчид 1,000, хүүхэд 4,000 ирж үзсэн байна. Мөн, Горхи-тэрэлжийн бүсийн 75 жуулчны баазад 10,198 орчим хүн/хоногийн эрэлт үүсгэж, 407,920,000 төгрөгийн эргэлт бий болгосон. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 90 гаруй бизнес эрхлэгчдэд 656,700,000 орчим төгрөгийн эргэлт үүссэн байна.
22 отгийн үйл ажиллагаанд Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн 362 өвийн төрөл зүйлээс 259 төрөл зүйл, Монгол Улсын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 83 өвийн төрөл зүйлээс 32 өвийн төрөл зүйлийг хамруулан хүүхэд, залуучууд, ард иргэдэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулав.
22 отгийн үйл ажиллагаанд 84 гэр буюу аймаг, нийслэл тус бүрт Зан үйл, язгуур урлагийн өргөө, Гар урлалын үзэсгэлэн, Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, Хүндэтгэлийн өргөөг тус тус байрлуулж, нийт 273 удаагийн тоглолтыг зохион байгуулав.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлийн 1283 өвлөн уламжлагч, соёлын салбарын албан хаагч нар оролцсон бөгөөд ялангуяа соёлын биет бус өвийн 5 дахь ай сав буюу Уламжлалт арга ухааны ай савд багтах Уламжлалт анагаах арга ухааныг онцгойлон анхаарч 17 аймгийн 23 өвлөн уламжлагчдыг “Соёлын өвийн хүрээ”-нд нэг дор төвлөрүүлэн арга хэмжээ болгон зохион байгуулав.
Шилдэг аймгаар Хөвсгөл аймаг тодорч, 100,000,000 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.
Хамгийн өндөр настай өвлөн уламжлагчаар:
- Б.Дашзэвэг – Өвөрхангай – 87 нас
- Ё.Дашзэвэг – Төв – 87 нас
- Х.Рэнцэндорж – Төв – 87 нас
Нийт 15 үндэсний спортын төрөл, 25 цагийн хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулав. Нийт 168 тамирчин, үндэсний спортын өв тээгчид Монгол-Зо үндэсний бие хамгаалах тулааны урлаг, Сээр цохих наадгай, Адуучдын ур чадвар, Морьт харваа, Морьтны ур чадварын үзүүлбэр, Морьт барилдаан, тулам булаалдах зэрэг уламжлалт спортын төрлүүдээс үзүүлбэр үзүүлэв.
Уламжлалт хоол, идээ ундааны хүрээнд Мастер тогоочдын холбоотой хамтран зохион байгуулж Улаанбаатар хотын 3 дүүрэг, 18 аймгийн 128 тогооч, ажлын хэсгийн 21 хүн оролцож нийт 16 угсаатны хоол идээ ундааг сурталчлан амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Тус фестивальд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хамруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Соёлын Яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл, Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулж 3 өдрийн турш нийт 200 гаруй иргэдийг зохион байгуулалттайгаар автобус унаа, хөтөч тайлбарлагч, дохионы хэлмэрчтэйгээр хамруулав.
ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь “Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Нүүдэлчин Монгол” нэрийн дор дотоодын эрдэм шинжилгээний хурлыг гаргасан хөтөлбөрийн дагуу 8-р сарын 12, 13-ний өдрүүдэд Горхи Тэрэлжийн Сайханы Саравчид зохион байгуулж оролцов. Хурал нь үндсэн хоёр илтгэл, “Нүүдэлчдийн идээ ундааны соёл”, “Монгол улс 2023 онд зохион байгуулах Дэлхийн нүүдэлчдийн наадмын үзэл баримтлал, агуулга, цар хүрээ, зохион байгуулалт”, “Ардын уламжлалт анагаах ухаан”, “Нүүдлийн зан үйл, мал маллах арга ухаан” гэсэн дөрвөн дэд сэдвүүдийн дор илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хуралд үндсэн хоёр илтгэл, дөрвөн дэд панелийн нийт 13 илтгэл болон Дэлхийн нүүдэлчдийн наадмын үзэл баримтлал, агуулгын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдав.






