
Пакистаны баруун хойд зүгийн бүс нутгуудаар богино хугацаанд их хэмжээний хур тунадас орж, 300 гаруй хүн үер усны гамшгийн улмаас амь үрэгджээ.
Хайбер Пахтунхва мужийн уулархаг бүс нутагт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер усны гамшиг тохиож, хөрсний нуралт зэрэг үүсжээ.
Бямба гарагийн байдлаар үер усны гамшгийн улмаас тус улсад 307 хүн амь үрэгдэж, олон арван хүн сураггүй алга болоод байгаа аж.
Пакистаны нийслэл Исламабад хотоос хойд зүгт байрлах Хайбер Пахтунхва мужийн Бунер тойрогт үер усны гамшгийн улмаас 184 хүн амь үрэгдсэн байна. Тус тойрогт байрлах Бешонрай тосгоны 30 гаруй байшин үерийн усанд урсаж, 60 гаруй хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн сураггүй алга болжээ.
Пакистаны Гадаад харилцааны сайд Ишак Дар гамшигт өртсөн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж эхэлснийг мэдэгджээ. Түүнчлэн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, хоол хүнсээр хангах ажлууд хийгдэж эхэлсэн гэжээ.
Өнгөрсөн баасан гарагт тус улсад онцгой байдлын албаны нисдэг тэрэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас осолдож, 5 албан хаагч амь үрэгджээ.
Пакистаны Цаг уурын албаны тэргүүн Захир Бабар сүүлийн жилүүдэд цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн давтамж, хор хөнөөл нь улам нэмэгдэж байгааг онцолжээ. Түүний хэлснээр уулархаг бүсэд орсон аадар борооны хүч, аюул эрсдэлийг нам дор газар амьдарч буй иргэд уулнаас хүчтэй үер бууж ирэхээс нааш мэдэх аргагүй аж.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс гадна иргэд гол мөрний дагуу зарим тохиолдолд голын урсгалыг хааж, байшин барилга барьж, хог хаягдлаа хаяж байгаа нь ч гамшиг болоход ихээхэн нөлөөлөх болсон гэжээ.
Эх сурвалж: Reuters






