
Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
-Зарим сургуулийн сурагчид ширээ сандал нь хүрэлцэхгүй гурваараа сууж байна. Сургуульгүй сурагчид хүртэл байсаар байхад Боловсролын яам хурлынхаа өрөөг нэг тэрбум гаруй төгрөгөөр тохижуулсан нь зөв үү. Энэ хэмнэж болох зардал байгаагүй юу?
-Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд суурь дэд бүтцийг бүрдүүлэх ажил хийгдэж байгаагийн нэг хэсэг нь. Үүнд харьяа байгууллагуудын тоног төхөөрөмжүүд мөн ажилчдын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулсан компьютер, тоног төхөөрөмжүүд өгөгдөл дамжуулах томоохон серверүүд багтсан. Зарим тоног төхөөрөмжүүдийг “Google” компанийн тусламжаар нийлүүлсэн. Нийгмийн сүлжээгээр яваад байгаа хурлын тэнхимийн харагдаж тоног төхөөрөмжүүд бол 30 сая төгрөг болсон юм байна лээ.
Өнөөдөр 40-с дээш бүлэг дүүргэлттэй хүүхдүүдийн асуудал нийслэл болоод аймгийн төвүүдээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хотхоны бага сургууль концепцийг зарлаад чиглэлийг нь хүргүүлсэн байгаа.
-Одоо ширээ, сандалгүй хэчнээн сургууль байгаа вэ?
-Шинээр баригдсан сургуулиудад бүрэн олгосон байгаа. Цэцэрлэгт бол зөөлөн эд тавилгын эд зүйлсийг олгоод явж байгаа. Өмнө жил 32.4 тэрбум төгрөг төсөвлөөд бүх сургууль цэцэрлэгт ширээ сандал тэр байтугай физик, химийн лаборатори авч өгөх төсвийг суулгасан. Харамсалтай нь Хэмнэлтийн хуулиар зарим тендерүүд нь зарлагдаагүй.
–Багш нарын цалинг нэмэх үү?
–Багш нарын цалингийн тухайд бол тавьж буй шаардлага зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл төрийн үйлчилгээний албан татвар болон багш нарын үндсэн цалин хамгийн доогуур байгаа. Тэгэхээр үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай. Өмнө жил Засгийн газар, УИХ-ын хэмжээнд яриад 6 хувиар өсгөсөн нь хангалтгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ асуудлыг ярилцах мэргэжлийн ажлын хэсгийг ажиллуулж байна. Үүнд Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам зэрэг ажлын хэсэг багтаж буй. Бид энэ жилийн төсвийн хэмнэгдсэн хэсэг дээр багшийн цалинг өсгөх бодлого барина. Мөн өөр эх үүсвэр гаргах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Тодруулан хэлбэл, гурван жилийн хугацаанд багш нарын цалинг тогтвортой өсгөх төлөвлөгөөг гаргаж эх үүсвэртэй нь танилцуул гэсэн үүрэг даалгавар өгсөн байгаа.
-Хичээл удахгүй эхлэх гэж байна. Багш нарын дутагдлаа хэрхэн нөхөх вэ?
–Өмнөх жил 4400 орчим багшийн дутагдалтай байсан. Энэ жил 3500 орчим багшийн дутагдалтай байгаа. Хамгийн их санаа зовоож байгаа нь байгалийн ухаан. 500 гаруй багш дутагдаж буй. Энэ дутагдлыг арилгахын тулд бид зургаан багц арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тодруулан хэлбэл, тэтгэвэртээ гарсан багшийг эргэн ажиллуулах, төгсөж буй оюутнуудыг шууд ажилд нь оруулах, дадлага хийж буй оюутныг цалинтай багшлуулах, багшаар төгсөөд багшлахгүй байгаа хүмүүсийг урьж багшлуулах гэх мэт арга хэмжээнүүдийг авна.
4000 гаруй багшийг ажлаас нь хална гэж мэдээллийг мушгин гуйвуулсан байна лээ. Тийм юм байхгүй. Нэг ч багшийг ажлаас нь халахгүй. Анхнаасаа УИХ-аас гаргасан тогтоол дээр багш, эмчийг ажлаас халахгүй ээ гээд тодорхой заачихсан байгаа шүү дээ.
-Өнгөрсөн жилийн багш нарын 45 хоногийн сургалтад хэчнээн багш хамрагдан төгссөн бэ. Хэр үр дүнтэй байсан бэ?
–Богино хугацааны тэр ургалтад 120 орчим хүн суралцаад төгссөн. Үүнээс 40 орчим нь цагийн багшаар ажилласан.
-Есдүгээр сарын 1-нд бага ангийн сурах бичиг хэвлэгдээд сурагчдад тараагдсан байх уу?
-Наймдугаар сарын 25-ны өдөр нэгдүгээр ангийн сурах бичиг бүгд тараагдана. Түүнээс дээш ангиудынх хэвлэгдсэн байгаа.
-Зарим багш нар сурах бичиг дээрээс заах агуулга байхгүй байна гээд үгээ хэлдэг. 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаад сурах бичгийг шинэчилнэ гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
–Сурах бичгийн төсөл нь гарчихсан байгаа. Гэхдээ хуульд нийцүүлэн сурах бичгийн төслийг дахин авч үзэх шаардлагатай болсон. Ер нь бол “Адмон” компанийн захирал Р.Энхбат гэдэг хүн бол энэ сурах бичигтэй холбоотойгоор Боловсролын яамыг шүүхэд өгч яаман дээр олон дахин шүүхийн шийдвэрүүд гарч энэ ажил удаашралтай байгаа.
-Тэгэхээр одоо хэвлэгдэж байгаа сурах бичгүүд шинэчлэгдээгүй, хуучин сурах бичгүүд гэсэн үг үү?
-Тийм. 2026-2027 оноос шинэчлэгдэж эхэлнэ гэсэн үг.
-Бага ангийн сурагчдад сурах бичиг, дэвтэр “шахдаг” хувийн сургуулиуд байдаг. Өнгөрсөн жил хэрэглэсэн сурах бичгээ доод ангийнхандаа хямд үнээр зарах гэхээр заавал шинийг авахыг шаарддаг. Та үүнийг мэдэж байгаа юу сайд аа?
-1-5 дугаар ангийн хүүхдийг төрөөс үнэгүй сурах бичгээр хангах ёстой. Тэгэхээр ийм тохиолдол байвал бидэнд гомдлоо гаргах хэрэгтэй. Бид хууль эрх зүйн хүрээнд шийднэ.
Ш.Бүжинлхам






