
Энэ сарын 2-нд Токио хотод болсон боксын тэмцээнд оролцсон хоёр боксчин тулааны үеэр тархиндаа авсан гэмтлийн улмаас өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн зайтай нас барсан нь спортын ертөнцийг цочирдуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Японы Боксын холбоо, боксын ринг эзэмшигчид өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, шинэ журам баталжээ.
Японы Боксын холбоо боксын тэмцээн нь 12 раундаар явагддаг байсныг 10 раунд болгож өөрчилснөөс гадна тэмцээнд оролцож буй тамирчид шингэний дутагдалд орсон эсэхийг шалгахын тулд боксчдоос шээсний шинжилгээ авч, жингийн үзлэг хийгдсэн өдрөөс тэмцээн болох өдрийн хооронд жин нь биеийн жингийн 10 гаруй хувиас илүү нэмэгдсэн байвал тухайн тамирчин дараагийн тэмцээнд жин ахиж оролцох ёстой болно гэсэн хатуу журам боловсруулсан талаар NHK мэдээлжээ.
Боксын бүх төрлийн тэмцээний туршид түргэн тусламжийн ажилчид машинтайгаа бэлэн байх ба тэмцээний явцад тархины болон бусад гэмтэл авч яаралтай мэс засалд орох шаардлагатай тамирчдад тусламж үзүүлэх боломжтой эмнэлгүүдтэй холбоотой ажиллах аж.
Түүнээс гадна Японы Боксын холбоо албан ёсны тэмцээн болохоос өмнө тамирчин хэзээнээс бэлтгэл хийхээ зогсоох ёстойг зааж өгөх аж.
Энэ сарын 2-нд болсон боксын тэмцээнд оролцсон 28 настай Шигэтоши Котари Ази Номхон далайн бүсийн супер хөнгөн жингийн тулааны аварга Яамато Хатагийн эсрэг тулалдах явцдаа гэмтэл авсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн, тархины мэс засалд орсон ч өнгөрсөн баасан гарагт өөд болсон бол хөнгөн жинд Ёожи Саитод 8-р раундад нокаутаар ялагдсан 28 настай Хиромаса Үракава тулааны үеэр тархиндаа авсан гэмтлийн улмаас өнгөрсөн бямба гарагт нас барсан юм.
Тамирчид жиндээ орохын тулд богино хугацаанд жин хаяж, шингэний дутагдалд орох нь тархины цус алдалтад хүргэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: theguardian.com






