
2025 оны Дэлхийн хамгийн царай муутай нохойгоор Петунья нэртэй 2 настай франц бульдог тодорчээ.
Өнгөрсөн баасан гарагт Калифорни мужийн Санта Роза хотод болсон Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах уралдааны ялагч Петунья 5000 ам.долларын шагнал хүртсэнээс гадна түүний нүүр царай Mug Root Beer брендийн футболка, нохойнд зориулсан тоглоом, цайны аяга зэргийн чимэхээр болжээ.
Түүнийг тэмцээнд дагуулж ирсэн Шэннон Найман NBC сувгийн TODAY шоунд оролцох үеэрээ, “Петуньяд сайхан байх шиг байна. Анхаарлын төвд байж, хүмүүсийн хайр хүргэж, таарсан хүн болгон түүнийг илж, өхөөрдөж байгаа нь түүнд таалагдаж байна.” хэмээн ярьжээ.

Петунья нь Орегон мужийн Южин хотод байрлах Luvable Dog Rescue нохой асрамжийн төвд амьдарч буй нохой бөгөөд Шэннон Найман тус төвийн сайн дурын ажилтан аж.
Энэ жилийн Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах уралдаанд нийт 10 нохой өрсөлдсөн ба тэмцээний явцад шүүгчид нохойны гадна төрх, тайзан дээр биеэ авч яваа байдал, амьдралын түүх, улаан хивсэн дээрх алхалт зэргийг нь дүгнэж, байр эзлүүлсэн байна.




Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах тэмцээн нь 1970-аад оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ба тус тэмцээн хүмүүст нохойг дэлгүүрээс эсвэл нохой үржүүлгийн газраас худалдаж авах бус гудамжны нохой үрчилж авахыг сурталчлах зорилгоор зохиогдож эхэлжээ. Энэ жилийн ялагч Петунья болон тэмцээний бусад оролцогчид нь бүгд гудамжнаас эсвэл хүнд хэцүү нөхцөлөөс аврагдсан ноход аж.


Ш.Найманы ярьснаар Петуньяг Лас Вегасаас олсон ба Петуньяг өмнөх эзэн нь 50 гаруй нохойны хамт 2 жилийн турш торонд хорьсон байжээ. Петуньягийн арьс үсгүй байгаа нь зохисгүй үржүүлгийн үр дүн бөгөөд тэрээр өнгөрсөн 5-р сард аврагдсанаасаа хойш амьсгалын замын мэс засалд орж, чөлөөтэй амьсгалах боломжтой болжээ.
Эх сурвалж: euronews.com






