
УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дээр мөрдөгдөж буй.
Түүнийг энэ оны долоодугаар сарын 23-ны өдөр 30 хоногоор хорих шүүхийн шийдвэр гарсан. Ингэснээр 08.22-ны өдөр түүнийг үргэлжлүүлэн хорих, эсвэл суллах хурал болох байв. Гэтэл наймдугаар сарын наймны өдөр 16 хоног хорьсны эцэст Ц.Санжаачойпэлийг хоригдох ёстой хугацаанаас нь өмнө сулласан байв.
Энэ талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Наранбайгалиас тодруулахад:
“Тус хэргийг Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Ж.Батхуягийн таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийн дагуу Б.Батаа шүүгчийн шийдвэрээр сулласан.Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд “Ц.Санжаачойпэлийн биед хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай” байгаа тухай дурдсан. Үүнээс өөр ямар ямар хүсэлт гаргасныг нь нэг бүрчлэн хэлэх боломжгүй. Түүнийг хилээр гаргах, олон нийттэй харилцах эрхийг нь хасаж гадуур шалгаж байгаа. Өчигдөр прокурорт энэ хэргийн талаарх гомдол ирсэн бөгөөд хэргийг Ерөнхий шүүгчийн орлогч н.Бямбаабаатар дааж авсан” гэх мэдээллийг өглөө.
Тэгвэл Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл байгаа бол прокурор саналаа шүүхэд хүргүүлж улмаар шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг прокурор, өмгөөлөгчийг, хүсэлт гаргасан бол яллагдагчийг оролцуулан хэлэлцүүлэг хийж яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэдэг байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмаас үзэхэд яллагдагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл, баримт байгаа бол хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед прокурорт гаргаж тавих, прокурор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзвэл хэдийд ч шүүхэд саналаа гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж ойлгож хэрэглэх үндэслэлтэй аж.
Ц.Санжаачойпэлтэй хамт 30 хоногийн баривчилгаа авсан Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдаагүй, цагдан хоригдсон хэвээр байгаа аж.
Тус хэргийг эргэн сануулбал, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгч байсан билээ.






