
Газын зурвас дахь Газа хотын Аль Шифа эмнэлгийн үүдэнд майханд байрлаж байсан Al Jazeera сувгийн таван сурвалжлагч Израилын агаарын цохилтод өртөн амь үрэгджээ.
Al Jazeera сувгийн зүгээс сурвалжлагч Анас аль Шариф, Мохаммед Крейке, зураглаач Ибрахим Захер, Мохаммед Нуфаль, Моамен Алива нарыг Израил санаатайгаар хөнөөсөн нь хэвлэлийн эрх чөлөөнд ил цагаанаар, урдаас төлөвлөж халдсан явдал байсныг онцолжээ.
Израилын Зэвсэгт хүчин 28 настай Анас аль Шариф нь Al Jazeera-гийн сурвалжлагч гэсэн халхавч дор ХАМАС хөдөлгөөний алан хядах бүлэглэлийг тэргүүлж байсан хэмээн мэдэгджээ.
Израил олон улсын сэтгүүлчдэд Газын зурваст болж буй дайныг сурвалжлахыг зөвшөөрөөгүй учраас хэвлэл мэдээллийн агентлагууд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч сурвалжлагчдаар дамжуулан мэдээлэл авч байгаа юм.
Al Jazeera сувгийн редактор Мохаммед Моавадын BBC агентлагт мэдээлснээр амь үрэгдсэн сурвалжлагч Анас аль Шариф Газын зурваст болж буй үйл явдлыг үнэн бодитоор хүргэж байсан цорын ганц дуу хоолой байсан ба Израилын энэ удаагийн халдлага Израилын засгийн газар Газын зурвасаас сурвалжлаг хүргэж буй бүх хэрэгслүүдийг дуугүй болгохыг хүсэж буйг харуулж байна гэжээ.
Өнгөрсөн сард Al Jazeera Media Network компани, НҮБ болон Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн зүгээс Анас аль Шарифын амь насанд аюул заналхийлж буй талаар, түүнийг хамгаалах шаардлагатай тухай мэдэгдэл гаргасан аж.
Al Jazeera сувгийн редактор Мохаммед Моавад, “Израилын ийм төрлийн хандлага зөвхөн энэ удаад ч биш үүнээс хэдэн арван жилийн өмнөөс л ажиглагдаж ирсэн. Эхлээд Израилын зэвсэгт хүчин сэтгүүлчийг хөнөөдөг тэгээд араас нь ямар ч баталгаа нотолгоо, үндэслэлгүйгээр тухайн сэтгүүлч нь алан хядагч байсан гэж мэдэгддэг.” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн жил Израилын арми Al Jazeera сувгийн сурвалжлагч Исмаэль Аль Гуль, зураглаач Рами аль Рифи нарын машиныг бөмбөгдөж, амийг нь хөнөөсөн юм. Ингэхдээ Тель-Авив Исмаэль Аль Гуль 2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн Израилын эсрэг халдлагад оролцсон хэмээн мэдэгдсэн аж.
Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн мэдээлснээр 2023 оны 10-р сараас хойш Газын зурваст 186 сэтгүүлч амь үрэгджээ.
Эх сурвалж: BBC






