
Энэ сарын 2-нд Токио хотын Коракүэн Холл спорт аренад болсон боксын тэмцээний үеэр тархиндаа гэмтэл авсан Японы хоёр боксчин нэг өдрийн зайтай нас баржээ.
28 настай Шигэтоши Котари Ази Номхон далайн бүсийн супер хөнгөн жингийн тулааны аварга Яамато Хатагийн эсрэг тулалдах явцдаа гэмтэл авсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн, тархины мэс засалд орсон ч өнгөрсөн баасан гарагт өөд болсон бол хөнгөн жинд Ёожи Саитод 8-р раундад нокаутаар ялагдсан 28 настай Хиромаса Үракава тулааны үеэр тархиндаа авсан гэмтлийн улмаас өнгөрсөн бямба гарагт нас барсан байна.
Дэлхийн Боксын Холбоо өөд болсон хоёр боксчны гэр бүл, найз нөхөд, Япон улсын боксын холбоонд эмгэнэл илэрхийлжээ.
Нэг тэмцээнд оролцсон хоёр ч боксчин гэмтлийн улмаас амиа алдсан явдалтай холбоотойгоор Японы Боксын Холбоо Ази Номхон далайн бүсийн бүх тэмцээн 12 бус 10 раундаар явагдах болсныг мэдэгджээ.






