
Энэ лхагва гарагийн өглөө Японы Хирошима хотод Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд Хирошима хот цөмийн бөмбөгдөлтөд өртсөний 80 жилийн ойн ёслолын үйл ажиллагаа болж өнгөрсөн байна.
Яг 80 жилийн өмнө 1945 оны 8-р сарын 6-ны өглөөний 08:15 цагт АНУ “Бяцхан жаал” нэртэй цөмийн бөмбөгийг Японы Хирошима хотын дээрээс хаяж, нэг дор 78 мянган хүний амийг хөнөөсөн юм.
Дэлхийн 2-р дайны үед Хирошимад Японы зэвсэгт хүчний болон хангамжийн баазууд байрлаж байсан ба Вашингтон тус хотыг тойрсон уулс нь цөмийн бөмбөгийн хүчийг төвлөрүүлж, үзүүлэх хор хохирлыг нь нэмэгдүүлнэ гэж үзжээ.
“Бяцхан жаал” цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс ялгарсан цельсийн +4000 хэмийн дулаан, цөмийн цацраг туяаны нөлөөгөөр олон арван мянган хүн амь үрэгдсэн юм.
Хирошимаг бөмбөгдсөний дараа АНУ Японы Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаяснаар 1945 оны 8-р сарын 15-нд Япон улс үг дуугүй бууж өгч, Дэлхийн 2-р дайн дуусгавар болсон билээ.
Дэлхийн 120 улс тэр дундаа цөмийн зэвсэгтэй АНУ, Израил зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцсон ёслолын үйл ажиллагааны үеэр Хирошима хотын дарга Казүми Мацуи улс орнуудын төрийн тэргүүнүүдэд Хирошима болон Нагасаки хотуудад тохиолдсон зүйлсээс сургамж авахыг уриалж, улс орнууд зэр зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа нь ноцтой үр дагавартайг сануулжээ.
Тэрээр, “Улс төрчдийн дунд улс орноо хамгаалахын тулд зайлшгүй цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэсэн хандлага ажиглагдах болсон. Улс орнуудын удирдагчдад хандаж хэлэхэд, Хирошимад ирж, цөмийн бөмбөгийн үр дагавар, аюулыг бодитоор мэдэр гэж хэлмээр байна.” гэжээ.
Хирошима болон Нагасаки хотуудын бөмбөгдөлтөөс амьд гарсан иргэд болон тэдгээрийн үр хүүхдүүдийг төрөл бүрийн өвчин тээдэг хэмээн олон арван жилийн турш ялгаварлан гадуурхаж ирсэн ба өнөөдрийн байдлаар цөмийн бөмбөгдөлтөөс амьд гарсан иргэдийн тоо 100 мянгад ч хүрэхгүй цөөн болжээ.
Эх сурвалж: Reuters






