
Хятадын Гуандун мужид өнгөрсөн сараас хойш шумуулаар дамжин халдварладаг чикунгуня өвчний 7000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Фошан хотод чикунгуня өвчний халдвар авсан өвчтөнүүдийн хэвтэж буй орыг ялаа, шумуулын тороор хамгаалжээ. Учир нь тус өвчин нь хүнээс хүнд бус өвчтэй хүнийг хазсан шумуулаар дамжин халдварладаг ба чикунгуня өвчний халдвар авсан хүмүүст халуурах, үе мөчөөр хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг аж. Зарим тохиолдолд үе мөчөөр өвдөх шинж тэмдэг нь арилахгүй олон жил болох ч тохиолдол байдаг аж. Халдвартай шумуулд хазуулсан иргэнд чикунгуня өвчний шинж тэмдэг 3-7 хоногийн дотор илрэх ба дийлэнх тохиолдолд халдвар авсан хүний биеийн байдал 7 хоногийн дотор сайжирч, эдгэрдэг аж.
Нөгөө талаас чикунгуня өвчний халдвар авсан нярай хүүхдүүд, ахмад настнууд болон хууч архаг өвчтэй хүмүүст дээрх шинж тэмдгүүд хүндээр илрэх эрсдэлтэй аж. Чикунгуня өвчний дэгдэлт нь Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Африкийн зарим бүс нутагт нийтлэг хэдий ч Хятадад цөөн бүртгэгддэг аж. Фошан хотоос гадна Гуандун мужийн багадаа 12 хотод чикунгуня өвчний тохиолдлууд бүртгэгдсэн ба зөвхөн өнгөрсөн 7 хоногт л гэхэд 3000 тохиолдол бүртгэгджээ. Гуандун мужийн удирдлагууд өвчний тархалтыг зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдсэн ба халуурах, үе мөчөөр өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй эмнэлэгт очиж шинжилгээ өгөхийг зөвлөжээ.
Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол шумуул үржих орчин болох тогтоол уснаас ангижрах явдал юм. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид иргэдэд гэртээ байгаа тогтоол уснуудаас ангижрахыг зөвлөжээ. Үүнд цэцгийн саванд тогтсон ус, кофе машинд үлдсэн ус, бусад сав суулганд байгаа уснууд багтах ба уг зөвлөмжийг дагахгүй бол 10 мянган юанийн торгууль ноогдуулна гэжээ. Түүнээс гадна өвчин тараагч шумуулууд болон тэдгээрийн авгалдайг иддэг том шумуулууд болон загаснуудыг үржүүлж, байгальд тавихаар төлөвлөсөн байна. Чикунгуня өвчин анх 1952 онд Танзанид бүртгэгдсэн ба түүнээс хойш Африкийн болон Зүүн Өмнөд Азийн 110 гаруй улсад бүртгэгджээ.






