Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Ирэх намар вакцин хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа сууж чадахгүй болно гэдгийг хатуу анхааруулъя” хэмээн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдэл хийж байсан билээ. Тэгвэл иргэдийн зүгээс энэ бол хүний эрхийг зөрчсөн зүйл хэмээн эсэргүүцэж, олонхын дунд төөрөгдөл үүсээд байсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
Сургууль, цэцэрлэгт улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийг хамруулахгүй гэдэг нь үнэн үү?
- “Улаанбурхан өвчний дэгдэлт 10, 11 сард томуугийн улиралтай давхцан хоёр дахь давалгаа үүсэх эрсдэлтэй хэмээн эрдэмтэд үзэж байна.
- Намар олны хөл цуглахаас өмнө Эрүүл мэндийн яамны зүгээс дархлаажуулалт хийлгэхийг шаардаж байгаа.
- Засгийн газраас хичээл сургуулийн үйл ажиллагаа болон улаанбурхан өвчний дархлаажуулалттай холбоотой шийдвэр гаргаагүй”
Улаанбурхан өвчний эсрэг ямар вакцин хийлгэхийг шаардаж байгаа вэ?
- “Вакцин үйлдвэрлэлээрээ олон жилийн туршлагатай, чанартай ДЭМБ-ын чанарын хяналт, сертификаттай Энэтхэг улсаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан манай улс хүлээн авдаг. Монгол Улс хүйтэн хэлхээ буюу вакцинаа хөлдөөдөггүй, халаадаггүй байдлаар тээвэрлэж хүргэдэг.
- Вакцинтай холбоотой ямар нэгэн гомдол, гаж урвал ч гарсан зүйл байхгүй. Тийм учраас вакцины чанарт эргэлзэх хэрэггүй”
Хавар улаанбурхан өвчин илрэх үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан нь тархалтыг ихэсгэсэн гэж зарим иргэд үзэж байна. Энэ талаар:
- “Үүнтэй холбоотойгоор вакцинжуулалтыг маш яаралтай эхлүүлсэн. Тэгээгүй бол баяр наадмын хөл хөдөлгөөн ихтэй үед халдварт өвчин дэгдэж олон нялх үрс эндэх эрсдэлтэй байсан.
- Эрүүл мэндийн яамны зүгээс вакцин хийлгэх шаардлагатай бүх хүүхэд хийлгээсэй гэж хүсэж байна. Хүүхдүүдийн вакцины хамрагдалт анх 23 хувьтай байсан бол өнөөдөр 70 хувьд хүрсэн. Гэхдээ энэ дархлаажуулалтын үр дүн 90 хувьд хүрч байж тархалтаа хумина” гэв.






