
Усны тунгалаг долгион адил айзам нугалаа, ая донжоороо ард түмний сэтгэлд хоногшсон БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө Улаангом хотноо сүндэрлэсэн билээ.
Уран барималч Ж.Түмэнчулууны урласан эл хөшөө нэрт дуучны торгон нугалаа, донж маягийг илтгэх мэт нарийн хийцлэл шингээсэн нь олны магтаалыг хүртээд байгаа юм. Ийм ч учраас Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг өнгөлж буй онцлох бүтээн байгуулалтуудын нэгээр нэрлэгдээд байна.
Хорьдугаар зууны нэрт дуучны эл хөшөөнд өдгөө хүннү рок урсгалаар дэлхийг донсолгож буй The Hu хамтлаг хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, хамтлагийн продюсер Б.Дашдондог, хүүхэд насандаа дууг нь сонсож, бүтээл юуг нь бахдан, урлагт шимтэж явсан агуу уран бүтээлчийнхээ хөшөөнд нутагт нь ирж, хүндэтгэл үзүүлж буй нь том завшаан гэж онцлов.
Энэхүү бүтээлийг санаачдагчдын нэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, 3.5 метр өндөр уг хөшөө 3000-5000 жилийн насжилттай гэж танилцууллаа. Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан The Hu хамтлаг Улаангом хотноо бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор ирсэн нь энэ юм.













