
Монголын аймшгийн зохиолын ертөнцөд өвөрмөц өнгө, мэдрэмжээрээ танигдсан “Хайтан” зохиолч анх удаа ил гарч, уншигчидтайгаа нүүр тулан ярилцлаа. Өөрийгөө “аймхай” гэж тодорхойлдог тэрээр, бичсэн өгүүллэгүүдээ ч эргэж уншиж чаддаггүй нэгэн. Гэсэн ч “бичих ёстой” гэсэн хүчтэй дотоод дуу хоолой түүнийг 2017 оны 4 сарын 11-нд анхны зохиолоо бичихэд хөтөлжээ. Тэр өдөр бол Хайтан зохиолчийн уран бүтээлийн эхлэл байгаад зогсохгүй, аавынх нь төрсөн өдөр байсан гэдэг.
Намайг Б.Цэрэнбадам гэдэг. Би Хайтан нэрээр аймшгийн болон триллер төрлийн зохиол бичдэг. 2017 оны 4 сарын 11-нд бичиж эхэлсэн. Хайтан ч яг тэр өдөр ‘төрсөн’. Аавын маань төрсөн өдөр учраас надад онцгой санагддаг. Яагаад аймшгийн зохиол бичдэг вэ гэвэл зүгээр л энэ надад өгөгдсөн өгөгдөл. Зөв бурууг нь мэдэхгүй ч миний сонгосон зам. Анхны бичсэн зохиол минь “Галзуу ч байсан болоосой”. Түүнийгээ бичсэнийхээ араас дахиж уншаагүй, онцгой сэтгэгдэл ч төрөөгүй байх гэж боддог. Бичвэрээ бичих үедээ орчлонгоос тасарчихсан мэт санагддаг. Бичсэн зохиолуудаа ихэнхийг нь уншигчдадаа хүргэсэн ч зөвхөн өөртөө хадгалсан нандин зохиол бий.
Түүний хувьд зохиол биш бичвэр гэж ярих дуртай аж. Мөн уншигчдадаа нэг нууцыг нь задалж хэлэхэд түүний өөртөө л хадгалсан зохиол нь “өөрийнх нь талаар” гэсэн шүү.

Айдас бол Хайтан зохиолчийн гол сэдэв. Гэхдээ тэр аймшгийн өгүүлэмжийг хүний дотоод ертөнц, байгальтайгаа харилцах шүтэн барилдлага дээр тулгуурлан өгүүлдэг гэдгийг онцоллоо.
Бид байгалиас бүтсэн амьтад. Байгаль амьтай гэдэгт би итгэдэг. Мод ч гэсэн амьтай. Тэгсэн хэр нь бид эргээд байгальдаа хандах хандлагагүй. Энэ харилцаа, ухаарлыг сануулахын тулд би айдсаар дамжуулан бичдэг. Түүнээс биш айлгах гэж хичээдэггүй. Буруу зүйл хийвэл хүн түүнийхээ хариуг заавал хүртэнэ. Зөв яваарай гэдэг агуулгыг хүргэхийг зорьдог.


Түүний цахим хуудсыг сонирхоход уншигчид нь зохиолчоо харах юм сан, эрэгтэй болов уу, эмэгтэй болов уу гээд хэдэн хэсэг хуваагдсан байсан юм. Энэ асуултыг түүнээс асуухад:
Уншигчид намайг хөгшин өвөө гэж боддог байсан. Зарим нь бүр Rokit Bay гэж хүртэл. Ер нь намайг эрэгтэй хүн гэж боддог. Гэхдээ би энэ завшааныг ашиглаад хэлчихье. Би эмэгтэй хүн шүү/инээв/
Хайтан зохиолч өөрийн орлогоосоо нийгэмд чиглэсэн сайн үйлс тогтмол хийдэг аж.
MBook аппликейшнээс орж ирсэн орлогоороо сайн зүйл хийхийг хичээдэг. Жишээлбэл, Нэгдүгээр төрөхийн амбулаторийн тасгийн эхоны өрөө, ургийн зүрхний бичлэгийн өрөөг тохижуулахад хувь нэмрээ оруулсан. Эмч, ээжүүд нь ‘Гоё өрөөтэй боллоо’ гэж урам өгдөг нь сайхан. Өвөл түлэх түлээгүй хүмүүст ч тусалдаг. Өөдөөс баярлан харах хүүхдүүдийн харц үнэхээр хөөрхөн.
Түүний зохиолууд зөвхөн бичвэрээс гадна SAudio гэх youtube хуудсаар уншигддаг. Зохиолч Хайтан гэх эхлэл олонтоо сонстоно. Харин тэр бээр өөрийн зохиолуудаа эргэж уншдаггүйтэйгээ адил Оргилболдынхоо хоолойгоор уншсаныг ч сонсож үзээгүй гэнэ лээ. Айсан даа ч юм уу, ичсэндээ ч юм уу. сайн мэдэхгүй байна гэж түүнийг хэлэхэд Аймшгийн зохиолчид бүгд ийм аймхай байдаг болов уу гэх бодол төрж байв.
Оюуны өмчийн асуудалтай нүүр тулаагүй уран бүтээлч ховор. Тэдний нэг нь Хайтан. Цахимаар бүтээлээ туурвидаг болоод ч тэр үү энд тэнд зохиолчийн нэргүйгээр бичвэрүүд нь түгээгдэж байх нь олон.
Надад алдартай болох хүсэл байгаагүй. Зарим хүн миний бичвэрийг нэр тавихгүйгээр хуулаад тавьчихдаг. Асуухаар ‘Чамайг алдартай болгож өгч байна’ гэж хариулдаг. Үгүй ээ. Би тийм зүйлийг хүсээгүй. Алдартай болохыг хүсвэл надад өчнөөн боломж байсан. Гэтэл хүний юмыг зөвшөөрөлгүй түгээж байж ийм хандлага гаргана гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ. Би хэр баргийн юмыг тоож сэтгэлээ зовоодог хүн биш. Гэхдээ энэ асуудлаас болж хямрах үе бишгүй олон тохиолддог тэр хүмүүст хандаж хэлэхэд болиод өгөөрэй!!!


Түүний зохиолууд цахим орчноор түгээгдэж дуу оруулалттай болон кино хэлбэрээр үзэгч, уншигчдад хүрсэн билээ. Тэгвэл түүний номоо гаргахыг тэсэн ядан хүлээдэг уншигчид нь удахгүй сайхан мэдээ дуулах нь.
Та нар зүгээр л нэг бичвэр уншаад ‘гоё юм байна’ гээд түгээж байгаа чинь ганцхан надад биш, маш олон хүний амьдралд нөлөөлж байна. Та нар өөрсдөө ч мэдэлгүй их буян хийж байгаа. Эмэгтэй хүн амьдралдаа ном бичих хэрэгтэй гэдэг үг бий. Үүний адил би өөрийн номоо гаргах зорилготой. Өөр төрөл, жанраар бичье гэвэл эротик төрөл рүү орох байх. Өмнө нь нэг удаа туршиж үзэж байсан л даа /инээв/.


Хайтан зохиолчийн хамгийн хайртай зохиол бол Согоомаа. Түүний үр хүүхэд шигээ хайрладаг тус зохиол кино хэлбэрээр олны хүртэл болж буй. Хэдийн хүмүүсийн сэтгэлд хүрсэн зохиол дэлгэцийн бүтээл болохдоо уншигчдын сэтгэлд хүрэхгүй байх тохиол их. Тэгвэл Хайтан зохиолчид өөрт нь үр хүүхэд шигээ хайрладаг зохиолоор нь бүтсэн кино ямар санагдсан бол?
Аавтайгаа хамт сууж байгаад киногоо үзсэн. Үнэхээр аймаар болсон байна лээ. Аав маань шөнөжин зүүдэлсэн гэсэн. Анх эхлэхдээ найруулагчдаа зүгээр л хийгээд үз гэж хэлсэн. Өмнө нь нэг кино хийгээд бүтэлгүйтэж байсан. Тиймээс энэ удаа алдах зүйл айх айдас байгаагүй. Манай баг бүрэн сэтгэлээ зориулсан. Миний бүтээлээр дамжуулан залуу уран бүтээлчид өөрийгөө нээж байвал болох нь тэр. Энэ кино бол үнэхээр сэтгэлд хүрч төсөөллөөс хол давсан. Гэхдээ бас л нөгөө оюуны өмч. Өвлийн хүйтэнд зураг авалтаа өдөр шөнөгүй хийж хоносон уран бүтээлчдийн маань хөдөлмөрийг гуравхан мянган төгрөгөөр цахимаар зарж байна лээ. Яагаад? Яагаад ийм юм бэ?
Энэхүү ярилцлагад орохынхоо өмнө Хайтан зохиолч ээждээ хань болох гээд үсээ хусуулчихсан байгаа талаараа дурдаж байв. Түүний ар тал гэр бүл. Нэг хүүтэй, ээж аавынхаа хамт амьдардаг. Хайтан гэх зохиолчийг өнөөдөр энэ бүхнийг хийх боломжтой болгож байгаа тулгуур нь тэд аж.
“Манай ээж саяхан хөхний хорт хавдраар оношлогдсон. Эмчилгээний улмаас үс нь унаж эхэлсэн. Ээж маань ганцаараа шаналж хямраасай гэж хүсээгүй учраас би үсээ хусуулсан. Түүнтэйгээ адилхан байхыг хүссэн. Надад гоё байна. Ийм өвчнөөр шаналж байгаа бүх ээжүүд хүчтэй байгаарай. Тэднийг асарч байгаа гэр бүлийнхэн нь ч бас хүчтэй байгаарай. Энэ өвчнийг сэтгэл зүй, бие махбод, итгэл үнэмшлээрээ даваад гарч чадна”
Ярилцлагын төгсгөлд Хайтан зохиолч үргэлж өөрийг нь дэмжиж, хайрлаж байдаг эрхэм уншигчдадаа талархаж явдгаа илэрхийлсэн юм.








