
Тайланд, Камбож хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн үүсэж, Камбожийн зүгээс Тайландын хилийн ойролцоо байрлах тосгоныг BM-21 пуужингаар бөмбөгдсөнөөс болж нэг хүүхэд, нэг том хүн амиа алджээ.
Үүний хариуд Тайландын зэвсэгт хүчнийхэн Камбожийн цэргийн объектуудад агаарын цохилт үзүүлжээ.
Тайландын Сурин мужийн эрх баригчид Камбожийн үзүүлсэн пуужингийн цохилтын улмаас 86 тосгоны 30 000-40 000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн Тайландын зэвсэгт хүчин хоёр улсын хил дээрх бүх боомтуудаа хаагаад байгаа аж.
Камбожийн Батлан хамгаалахын яам Тайландын F-16 сөнөөгч онгоцнууд Камбожийн нутан дэвсгэр дээр 2 пуужин хаясан тухай мэдэгдэж, хариу хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Олон арван жилийн турш газар нутгийн асуудлаас болж зөрчилдөж буй Тайланд, Камбож хоёр улсын хил дээр өнгөрсөн 5-р сард хоёр улсын цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэж, Камбожийн нэг цэрэг амиа алдсан хэрэг гарсан юм.
Үүнтэй холбоотойгоор Тайландын Ерөнхий сайд Петонгтарн Шинаватра Камбожоос байгалийн хий, шатахуун импортлохоо зогсоож, Тайландын хилээр нэвтрэх журамд хязгаарлалт тогтоогоод байсан бол Камбожийн эрх баригчид Тайландын кино, шоунуудыг гаргахыг хориглож, Тайландаас жимс ногоо импортлохоо зогсоогоод байсан юм.
Эх сурвалж: CNN






