
Супермаркетад менежерээр ажиллаж байсан Сохэй Камияагийн 2020 онд YouTube-д анх үүсгэн байгуулсан Сансэйто нам өнгөрсөн ням гарагт Японд болсон парламентын сонгуулиар 14 суудал авчээ.
Парламентын дээд танхимын өмнөх сонгуулиар 1 л суудал авч байсан Сансэйто нам сүүлийн жилүүдэд популист барууны үзэл дэлгэрсэнтэй холбоотойгоор энэ удаагийн сонгуульд өндөр амжилттай оролцсон байна.
248 суудалтай парламентад 14 суудал авах нь их биш юм шиг санагдавч, тус намын “нэн түрүүнд Япончууд” уриа, цагаачид болон жуулчдын тоог хязгаарлах бодлого нь зарим япончуудын үзэл бодолтой нийцэж байгаа нь гарцаагүй аж.
Цагаачлалын бодлогын тал дээр хатуу байр суурьтай байсан тус улсын хувьд хүн ам нь хурдацтай хөгширч буйтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд гадаадын ажиллах хүч, жуулчдыг олноор татах бодлого баримталж ирсэн юм.

Японд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн тоо сүүлийн 10 жилд 2.23 саяас 3.77 сая болтлоо өссөн ч энэ нь тус улсын нийт хүн амын 3 хувийг л эзэлж байна. Түүнээс гадна тус улсыг зорих жуулчдын тоо ч рекорд тогтоогоод байгаа ба дээрх шалтгаанаар япончуудын дунд Япон улсад гадаадын хэтэрхий олон хүмүүс амьдарч байна гэсэн хандлага ажиглагдах болжээ.
Үүнтэй холбоотойгоор Сансэйто нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гадаадын хямд ажиллах хүч нь япончуудын ажлыг үнэгүйдүүлж, Японд ажилгүй байгаа гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг хэмээн мэдэгдсэн нь олон хүний сэтгэлд нийцсэн байна.
Эх сурвалж: edition.cnn






