
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн ажлаа хүлээж аваад удаагүй ХСҮТ-ийн дарга М.Адилсайханг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэх мэдээлэл тархаад буй. Үүнтэй холбоотойгоор Ж.Чинбүрэн сайдын гаргасан зарим баримт бичгийг цахим сүлжээнд нийтэлжээ.
ХСҮТ-ийн дарга М.Адилсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн
2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн гарын үсэг бүхий №Б/57 дугаар тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн дарга Мэнджаргалын Адилсайханыг “ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр гарчээ.

Тус тушаалд:
“Мэнджаргалын Адилсайхан нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэжээ.
Өөрөөр хэлбэл, шинэ сайд тухайн хүний гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байна.
“Энэр Мед” ХХК өөрсдийн байраа ХСҮТ-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан
2025 оны 6 дугаар сарын 11-нд ХСҮТ болон “Энэр Мед” ХХК хооронд №АГ-6-2025/01 тоот гэрээ байгуулагдаж, тус эмнэлгийн 12-р давхарт ХСҮТ-ийн зарим эмчилгээ, тусламж үйлчилгээ түр хугацаанд нүүдэллэн байрлаж, ашиглагдаж байсан байна.
Энэхүү үйл ажиллагаа нь ХСҮТ-д хийгдэж буй их засвартай холбоотой, түр шийдэл байв.
Шинэ захирал томилогдсоны дараа гэрээг цуцалсан
ХСҮТ-ийн шинэ захирлаар ангаах ухааны доктор, профессор Ц.Батболд томилогдсоныхоо маргааш буюу 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, “Энэр Мед” ХХК-иас ирүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийг хүлээн авчээ.


Албан бичигт:
“Шинээр томилогдсон удирдлага дахин энэхүү гэрээнээс үүдэн сөрөг үр дагавар үүсэж болзошгүй гэж үзэж байгаа тул гэрээг цуцална” гэж заасан байна.
- ХСҮТ-ийн дарга М.Адилсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, халагдаагүй.
- Түүнийг чөлөөлсөн тушаал нь албан ёсны өргөдөл дээр үндэслэсэн бөгөөд 2025.07.21-нд гарсан.
- “Энэр Мед” ХХК болон ХСҮТ хооронд түрээсийн зориулалттай гэрээ байгуулсан нь их засвартай холбоотой түр байр ашиглалт байжээ.
- Шинэ захирал Ц.Батболд томилогдсон өдөр М.Билэгт “Энэр Мед” эмнэлгээ үнэгүй ашиглуулах боломжгүй гэрээгээ цуцална гэдэг мэдэгдлээ хүргүүлсэн байна.
Тиймээс олон нийтийн сүлжээнд тархаад буй “энэхүү гэрээний улмаас даргыг халсан” гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үгүйсгэж дээрх баримтуудыг гаргасан байна.






