
Европын холбооны Хууль зүйн асуудал хариуцсан комиссар Майкл МакГрат Хятадын Shein, TEMU платформуудаар зарагдаж буй зарим бараа бүтээгдэхүүний чанар асар муу, эрүүл мэндэд аюултай бөгөөд хортой байсанд цочирдсоноо илэрхийлжээ.
Европын холбооны улс орнууд онлайн худалдааны платформуудаас 2024 онд өдөрт дунджаар 150 еврогоос бага үнийн дүнтэй 12 сая илгээмж хүлээн авсан нь 2023 оныхоос хоёр дахин, 2022 оныхоос 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Майкл МакГрат дээрх хоёр платформд зарагдаж буй бараануудаас оосор нь амархан салж, хүүхдийн хоолой ам руу орж, хахаах эрсдэлтэй хүүхдийн соск, хортой химийн бодис орсон хүүхдийн борооны цув, нарны хэт ягаан туяаны хамгаалалтгүй нарны шилнүүд, хэтэрхий урт оосортой хүүхдийн богино өмднүүд зэргийг жишээ татжээ.
Түүнчлэн дээрх платформуудаар нөхөн үржихүй, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг, Европын холбоонд 2022 оноос хориглосон бутилфенил метилпропионал нэртэй хортой химийн бодис агуулсан гоо сайхны бараанууд зарагдаж байжээ.
Аюултай хүнсний бус бараа бүтээгдэхүүнүүдийг Европын холбооны зах зээлээс эргүүлэн татаж, хэрэглэгчдийг хамгаалах Safety Gate системд 2024 онд 4137 гомдол ирсний дийлэнхийг гоо сайхны бараа, хүүхдийн тоглоом, цахилгаан бараа, автомашин, химийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлжээ.
М. МакГратын хэлснээр сүүлийн 2 жилд хэрэглэгчдийн тоо нь огцом өссөн Shein, TEMU зэрэг онлайн платформууд нь шударга бус өрсөлдөж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Европын холбоо 150 хүртэлх еврогийн барааг татвараас чөлөөлөх шийдвэрээ цуцлахаар төлөвлөөд байгаа аж.






