
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
Үндэсний их баяр Наадам – Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Орос, Монголын харилцаа найрсаг шинж чанартай гэдгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна.
Та бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй.
Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдон хаяа дэрлэн оршдог бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.
Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг онцгойлон чухалчилдаг бөгөөд Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл санааг үндсэн чиглэлээ болгон, харилцааны хөгжлийг зөв чиглэлд залж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой урагшлуулан, хөрш орнуудын үлгэр жишээ харилцаа болгон хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг шимийг хүртээхийн төлөө Тантай хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна.
Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе” гэжээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн.
Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ.
Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж, Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна.
Бидний Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь ард түмнийхээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөөх хамтын үүрэг, амлалт, тууштай байдлыг бэлгэддэг.
Миний бие ирэх онд энэ түншлэлээ үргэлжлүүлж, байгалийн баялаг, эрчим хүч, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Монгол, Солонгос улсын өнгөрсөн хугацаанд бүтээсэн харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний идэвхтэй харилцаанд суурилж, иргэд хоорондын нөхөрлөл ч улам бэхжихийн ерөөл дэвшүүлье.
Монгол Улсад энх тайван, хөгжил цэцэглэлт, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, Монголын ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.






