
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.
Олон түмний таавар эвдэгдлээ.
Өнөө жил бөх сонирхогч олон түмний зүгээс баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн тааварт Улсын Аварга О.Хангай, Улсын Арслан Б.Орхонбаяр, Улсын Заан М.Лхагвагэрэл, Улсын Заан С.Сүхбат Улсын Начин Э.Батмагнай зэрэг олон бөхчүүдийг төрийн наадмын түрүү үзүүрт хүрнэ гэх таамаг дэвшүүлж байлаа.

Үндэсний баяр наадмын тавын даваанд наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Улсын аварга О.Хангай Аймгийн хурц Арслан О.Наранбаатарт өвдөг шороодов. Олон түмэн түүнийг Өнөө жил тэр дундаа Могой жилийн цагаан сарын бөхийн барилдаанд түрүүлсэн бөх наадмын түрүү бөхөөр тодордог уламжлалыг үргэлжлүүлж Даян Аарга болно гэж харж байлаа.


Допингийн асуудлаас үүдэн барилдах эрхээ хасуулан энэ хаврын заалны барилдаанд барилдаж эргэн ирэлт хийсэн Улсын Арслан Э.Оюунболд тавын даваанд Аймгийн Арслан Ш.Отгонтөгсөд өвдөг шороодлоо.






Улсын Заан М.Лхагвагэрэл шинээр Улсын Гарди цол хүртсэн үзүүр бөх Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодов. Олимп, тив, дэлхийд эх орноо төлөөлөн Чөлөөт бөхийн -125 кг жинд ДАШТ-ийн хүрэл медаль Ази тивийн аварга болж Монгол түмэн, бөх сонирхогчид түүнийг өнөө жилийн наадмын үзүүр түрүүнд үлдэж Завхан аймагт 83 жилийн дараа Улсын Арслан цол авна хэмээн харж байв. Бөх сонирхогчид түүнийг Улсын наадмын түрүү бөх болж Арслан цол хүртэнэ хэмээн хүлээж байна.


Олон түмэн, бөх сонирхогчид цахилгаан Зоригоо хэмээн нэрлэдэг Улсын Үнэн Зоригт харцага Б.Зоригтбаатар зургаагийн даваанд шинээр Улсын Арслан цол авсан Э.Батмагнайтай тунаж барилдан өвдөг шороодов. Бөх сонирхогч Монголын ард түмэн түүнийг дээш өгсөж барилдвал Арслан цолоор тогтохгүй бөх хэмээн харж байна.


Өнгөрсөн жилийн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд бэртэл авч барилдаанаас түр завсарлага аваад байсан Улсын Заан Б.Пүрэвсайхан энэ жилийн баяр наадамд зодоглож долоогийн даваанд шинээр Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаярт өвдөг шороодов. Жил бүрийн наадамд түрүү бөхийн тааварт яригддаг Улсын заан Б.Бат-Өлзий шинээр Арслан цол хүртсэн Э.Батмагнайд өвдөг шороодож Ховдын хоёр Заан төрийн наадмын түрүү үзүүрийн бөхчүүдэд тахим буулгав.


1949 оны Үндэсний наадмаар П.Аюуш Улсын Арслан цол хүртсэнээс хойш 76 жил Улсын наадмын түрүү хүртээгүй байсан Баянхонгор аймгаас Улсын Начин Э.Батмагнай түрүү хүртэж Улсын арслан цолтон боллоо.
Улсын Арслан Э.Батмагнай дараах бөхчүүдийг давжээ:
Нэгийн даваанд Сумын заан Г.Отгонбат
Хоёрын даваанд Аймгийн арслан Б.Бат-Орших
Гурвын даваанд Улсын Начин Б.Цэрэнтогтох
Дөрвийн даваанд Улсын Харцага Ц.Мөнхбаяр
Тавын даваанд Улсын Заан Д.Хүдэрбулга
Зургаагийн даваанд Улсын Харцага Б.Зоригтбаатар
Долоогийн даваанд Улсын Заан Б.Бат-Өлзий
Наймын даваанд Улсын Аварга П.Бүрэнтөгс
Есийн даваанд Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаяр нарыг давж улсын Арслан боллоо.






