
Жил жилийн наадам өөр өөрийн гэсэн онцлогтой. Наадамчин олон бидэнд дэмжиж буй хүчтэнүүдээ зүлэг ногоон дэвжээнээ сүр хүчээ үзүүлэн зодоглохыг харах, шимтэн үзэхээр элдэв таамаг дэвшүүлэн хүлээдэг билээ.
Ер тэгээд Монголчууд бидний нэгдэн нийлэх, бахархан огших Үндэсний их баяр наадам дэлгэр зуны цагт ганц л удаа тохиодог хойно доо…
Нэг жилийн наадам өндөрлөнө, дараа жилийн наадам тун ч хол байна даа хэмээн ярих боловч угтаа бөхчүүдийн хувьд тэр л өдрөөс дараагийн өрсөлдөөний бэлтгэл сургуулилт эхэлчихдэг гэх.

Сайхаан сайхан. Дэлгэр зуны наадамдаа дэнжээ хотойтол нааддаг дэлхийд ганцхан ард түмэн нь бид билээ.
Ингээд баяр наадмын энэ өдөр “Оргилд хүрэх зам” Үндэсний их баяр наадмын тусгай дугаарыг Баянхонгор аймгийн “Тэргүүн Богд” дэвжээний галын сорилго барилдаанаас бэлтгэснээ хүргэж байна. Бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын Хэмжээний Мастер, Үндэсний бөхийн Монгол Улсын Харцага Нацагсүрэнгийн Золбоо тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөлтэй цөөн хором хөөрөлдлөө.


Монгол Улсын Харцага Н.Золбоо: Бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийг л Улсын баяр наадам шалгана даа


-Ур чадвар нь ямар байгаа гэдэг нь энэ удаагийн галын сорилго барилдаанаас тодорхой харагдаж байгаа байх аа. Өнөөдөр Баянхонгор нутгийн хоёр дэвжээ нэгдээд “Тэргүүн Богд” дэвжээний анхны сорилго барилдааныг өнөөдөр Найрамдал зуслангийн Шижирийн давааны өвөрт зохион байгуулж байна. Бид энэ жил 6 сарын 9-нөөс аймагтаа 14 хоногийн бэлтгэл сургуулилт хийгээд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэгээд энэ жил улсын баяр наадам болон аймгийн баяр сумынхаа наадамд амжилттай сайхан барилдаж цол зэргээ сайхан ахиулах байх гэж бодож байна. Хоёр дэвжээ нэгдсэнээрээ бас санхүү зардал, менежмент дээрээ түлхүү анхаараад, харин эргээд бөхчүүд бид бэлтгэлээ сайтар хийх үүрэг хариуцлага ирж байгаа.
Нутгийн зон олон болон Монгол түмэн минь сайхан наадаарай. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.


Монгол Улсын Начин Ж.Чулуунбат: Үндэсний бөхөд 1998-2000-аад оны төлөөлөл хүч түрэн орж ирж байна
-Баянхонгорчуудын хувьд бол маш үзүүштэй, сайхан сонирхолтой зохион байгуулалт сайтай сорилго барилдаан болж байна. Нутгийн зон олон маань олуулаа зорин ирснийг харахад таатай байна. Сэтгэгдэл маш их өндөр байна.
Бөхчүүд үе үеэрээ төрөн гардаг. Одоо 1998-2000 оны төлөөлөл хүч түрэн орж ирж байна аа. Бэлтгэл сургуулилтаа сайн л базааж байгаа. Чөлөөт бөхийн спорт суурьтай бөхчүүд үндэсний бөхөөр хичээллэхээр илүү түшицтэй юмуу гэж хардаг. Учир нь манай чөлөөтийнхний хийдэг бэлтгэл, ачаалал маш өндөр байдаг. Хамгийн онцлох нь мэдрэмж маш их өндөртэй, тэгээд үндэсний бөхөөр барилдахад их ойрхон спортын төрөл байгаа. Чөлөөтийнхөн өрсөлдөгчөө хамгийн хурдан хаях арга бол хүний хөлийг авч хаях гэж хардаг. Тэрүүгээрээ л энэ манай чөлөөтийнхөн бужигнуулдаг байх л гэж бодож байна. Миний хувьд Ардын Хувьсгалын 104 жилийн ойдоо зодоглоно. Нутгийнхаа дүү нарт өөрийнхөө чаддаг зүйлээ зөвлөөд, хэлээд яриад бэлтгэл сургуулилтанд нь түшиц болохыг л хичээж явдаг даа.


Монгол Улсын Начин Э.Батмагнай: Энэ жилийн баяр наадамд цолоо ахиулахыг л хэн хүнгүй зорьж байна
-Манай нутгийн хоёр дэвжээ нэгдэн нийлээд илүү хүчтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр баяр наадамдаа бэлтгэж байгаад баяртай л яваа. Мэдээж бөхчүүдийн хувьд тухайн жилийнхээ хөдөлмөр, зүтгэл, бэлтгэлийн үр дүнг Улсынхаа баяр наадмаар л шалгаж сорьдог болохоор бүгд л зүлэг ногоон дэвжээнээ чадах бүх зүйлээ дайчлан гаргадаг. Улсынхаа цол чимгээ ахиулахаар бүгд л зорьж бэлтгэдэг. Иймээс миний хувьд энэ жил улсын цолоо ахиулахыг гол зорилгоо болгосон.
Монголын ард түмэн, бөхөд хайртай, хорхойтой хүн бүхэнд, мөн нутгийн зон олондоо Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.


Монгол Улсын Начин Д.Цэрэнтогтох: Цолоо ахиулсан Улсын наадам л дурсамжтай хамгийн гоё доо
-Өнөөдөр нутгийнхаа дэвжээний галын сорилго барилдаанд зодоглоод байж байна. Улсын баяр наадам бол бөх хүний ир бяр, шандсыг дээд зэргээр сорьдог. Иймээс ч бид бүх хүчээ дайчлан, бэлтгэл сургуулилтандаа гол анхаарлаа хандуулдаг. Наадам бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ Улсынхаа цолыг ахиулсан наадам л сэтгэлд тод үлдсэн, хамгийн сайхан дурсамжтай, гоё байдаг даа. Нийт наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.










Ийнхүү Баянхонгор нутгийн “Тэргүүн Богд” дэвжээний галын сорилго барилдаанд нийт 64 бөх зодоглосноос Аймгийн начин Чулуунбатын Даш түрүүлсэн юм.
Эрхэм уншигч та бүхэн Үндэсний их баяр наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.






