
Техас мужийн Керр тойрогт өнгөрсөн баасан гарагт орсон уусархаг аадар бороонд Гуадалупе голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэсний улмаас багадаа 43 хүн амь үрэгджээ. Керр тойргийн шериф Ларри Лейтагийн мэдээлснээр амь үрэгдсэн иргэдийн 15 нь хүүхдүүд байгаа аж.
Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба Техас мужийн онцгой байдлын албаны тэргүүн Ним Кидд амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцолсон бол тус мужийн захирагч Грег Эбботт аврагчдад сураггүй болсон иргэдийг амьд сэрүүн олдоно гэж бодож ажлаа хийхийг үүрэг болгожээ.
Гуадалупе эргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй хүүхдийн зуслангуудаас Camp Mystic зусланд амарч байсан 27 охин олдоогүй хэвээр байгаа аж. Хилл Кантрид голын эрэг дагасан аялал жуулчлал, амралт зугаалга өндөр хөгжсөн ба тус бүс нутагт байрлах олон арван жилийн түүхтэй хүүхдийн зуны зуслангуудад жил бүр Америкийн өнцөг булан бүрээс олон зуун хүүхдүүд ирж амардаг аж.
Өнгөрсөн баасан гарагт 45 минутын турш орсон аадар бороонд Гуадалупе голын усны түвшин даруй 8 метрээр нэмэгдэж, эрэг дагуу байрлаж байсан байшин барилгууд, тээврийн хэрэгслүүд усанд автаж, урсжээ.
Эрх баригчдын мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагаанд 1700 гаруй хүн оролцож байгаа ба одоогийн байдлаар гамшгийн бүсээс 850 хүнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхий даяар гэнэтийн усархаг ширүүн бороо орох давтамж нэмэгдээд байгаа ба зөвхөн Техас мужид 1900 оноос хойш ширүүн аадар бороотой өдрүүдийн тоо 20 хувиар нэмэгдэж, ирэх 10 жилд энэ үзүүлэлт дахин 10 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: The Guardian